Хагас мянган эрх зүйн хөтөч бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-01-23 14:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн эрх  зүйн боловсролын нөхцөл байдлыг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд эрх зүйн боловсрол олгох, мэдлэг, мэдээллийг түгээх үр нөлөөтэй арга хэлбэрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох эхний ээлжийн “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.

Тус сургалтад 21 аймгаас ЗДТГ-ын хуулийн хэсгийн мэргэжилтэн, ЕБС-ийн нийгмийн ажилтан, Насан туршийн боловсрол төвийн мэргэжилтэн нийт 75 хүн хамрагдаж байгаа юм.

Монголын нийгэмд тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг бол ард иргэд эрх зүйн мэдлэг хомс байгаагийн улмаас хэнд хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа юм. Иймд 5 жилийн хугацаанд 500 эрх зүйн хөтөч сургахаар төлөвлөжээ.

ХЗҮХ-гийн захирал С.Энхцэцэг: Эрх зүйн хөтөч нь онлайн болон биеэр алслагдмал хөдөө орон нутгийн ард иргэдийн өдөр тутамд тулгарч буй асуудалд эрх зүйн мэдлэг, туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх үүрэгтэй төсвөөс цалинжиж буй төрийн албан хаагчид юм. Тэд хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Мөн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өргөдөл, нэхэмжлэлийг тэдний өмнөөс гаргаж өгч болно. 

Төслийн зөвлөх, өмгөөлөгч В.Энхтамир: Хөтөч бэлтгэснээр ард иргэдийн эрх зүйн боловсрол дээшлэн буруу газар хандан, цаг заваа үрэлгүй өөрт тулгараад байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болно.

Цаашид нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг тус сургалтад хамруулах аж. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ