АНУ-ыг НАТО-гоос гаргахыг Трампт хориглосон хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-23 12:20:48

ВАШИНГТОН. /TASS/. Умард Атлантын эвсэл буюу НАТО-гийн бүрэлдэхүүнээс АНУ-ыг гаргахыг тус улсын Ерөнхийлөгчид хориглосон хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагийн орой олонхын саналаар баталжээ. Уг төслийг батлахыг 357 гишүүн дэмжсэн бол 22 гишүүн эсэргүүцсэн байна. Санал хураалтын дүнг Конгрессын цахим хуудсанд нийтэлжээ.


“НАТО-г дэмжих тухай” хуулийн төсөлд “АНУ-ыг тус эвслээс гаргах Ерөнхийлөгчийн аливаа оролдлогыг цуцлах, ийм алхам хийхэд төсвийн хөрөнгө мөнгө ашиглахыг хориглох” тухай заасан гэж дээрх хуулийн төслийг санаачлагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Панеттын мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. 


Уг баримт бичгийг Ардчилсан намын гишүүд болох Том Малиновски, Сет Мултон, Эбигайл Спэнбергер, Крисси Хулахан, мөн бүгд найрамдахчууд болох Дон Бэкон, Уилл Хёрд, Фред Аптон, Адам Кинзингер, Майк Гэллахер нар хамтран боловсруулжээ.


Умард Атлантын эвслийн гишүүн бусад орон цэргийн зардлаа нэмэхгүй бол АНУ-ыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сөхөж магадгүй гэж “The New York Times” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, өнгөрсөн онд Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргах хүсэлтэй байгаагаа тойруу утгаар хэд хэдэн удаа мэдэгджээ. АНУ-ын хувьд “намаг балчиг” болсон НАТО-гийн бүрэлдэхүүнд байх утга учрыг олж харахгүй байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.


АНУ-ыг эвслээс гаргана гэж Трамп түнш орнуудаа сүрдүүлсэн тухай  “Politico” сонин өнгөрсөн оны долдугаар сард мэдээлж байжээ. Тус сонины мэдээллээр, хэрэв НАТО-гийн холбоотнууд цэргийн зардлаа аль болох хурдан нэмэхгүй бол “хүндхэн үр дагавар” дагуулна гэж Трамп тус эвслийн гишүүн орнуудын удирдагчид, мөн Украин болон Гүржийн Ерөнхийлөгч нарын оролцсон уулзалтын үеэр анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ