Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ агсны хэргийг хаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-23 21:21:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ агсны амиа хорлосон нөхцөл байдал бүрэн тогтоогдож, цагдаагийн байгууллага хэргийг хаажээ.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Ч.Чамин-Эрдэнэ агсны амь нас хохирсон хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажиллажээ. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр, "Талийгаачийн амь насаа алдсан KH апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, Ч.Чамин-Эрдэнэ агсан хэрэг болсон өдөр буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 дугаар давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин 6-Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6-Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн. Шинжилгээ явуулахад Ч.Чамин-Эрдэнэ агсны гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү зарим хүнийг дүүгийнхээ үхэлд буруутай хэмээн олон нийтийн сүлжээгээр тараасныг цагдаагийн байгууллага шалгахад, сэжигтэй зүйл гараагүй. Тэдгээр иргэд өөрсдийг нь гүтгэсэн тухай хариу гомдол гаргасан" гэлээ.

Холбоотой мэдээ