ШУА, Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-21 10:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Эрдэнэт үйлдвэртэй  байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ШУА-ийн  ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллаад ирлээ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, доктор /Sc.D/ Бадамсүрэн болон бусад удирдлагатай уулзаж, 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон, тус үйлдвэр болон хотод тулгамдаж буй зарим тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Тодруулбал, Эрдэнэтийн цагаан тоосны асуудал, зэсийн баяжмалыг хайлуулах процесст гарах хүхэрлэг хийн асуудал, Эрдэнэт хотын утааг бууруулах асуудал гэсэн үндсэн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.  Мөн ШУА Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад ахисан түвшний судалгааны ажил хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, судалгааны ажлыг удирдах, үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарах хог хаядал, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах юм.


Зууны манлай үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2018 онд өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлаа нэгтгэн дүгнэжээ. Үйлдвэрээ цаашид дахин 60 жил ажиллуулах менежментийн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлж байгаа энэ үедээ ШУА-тай хамтран шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хоёр талын удирдлагууд онцолсон юм.    

 

Холбоотой мэдээ