Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 95,6 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-21 21:28:38

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд иргэдээс 4412 санал хүсэлт, өргөдөл гомдол ирсний зонхилох хувийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйлчилгээ, ажлын байр, мөнгөн болон эд материалын тусламж хүссэн өргөдлүүд эзэлжээ. Шийдвэрлэлтийн тухайд нийт өргөдөл гомдлын 95,6 хувьд нь хариу өгч ажилласан байна.

Тухайлбал, иргэдээс мөнгөн дэмжлэг, эд материалын дэмжлэг хүссэн 157 өргөдөл ирсэний 79-д нь дунджаар 19 сая 550 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

“Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлын тайланг сар бүр хүлээн авч нэгтгэн дүн шинжилгээ хийж, иргэд шийдвэрлэлтийг цахимаар харах боломж бүрдүүлсэн. И­­­­­­­ргэдийн хувьд халамжийн дэмжлэг тусламжид хамрагдаж чадаагүй, амьжиргааны хувьд мөнгөн болон эд материалын дэмжлэг хэрэгтэй байгаа, төрийн байгууллагуудын үйлчилгээний чирэгдэл, ажлын байртай холбоотой гомдол өргөдөл цөөнгүй ирүүлсэн. Эд материал дотроо 2017-2018 онд гэр хүссэн өргөдлөө ирүүлсэн өрхүүдээс сонгон шалгаруулалт хийж 37 өргөдлийг ХХҮГ-т судлан шинжлүүлэхээр шилжүүлсэн. Түүнчлэн 7045-2222 утсанд иргэдээс зонхилон төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөлдөл гомдол их ирдэг” хэмээн аймгийн ЗДТГ-ын Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн П.Гантулга мэдээллээ. 

Аймгийн ЗДТГ болон хэлтэс агентлагууд, сумдын төр захиргааны байгууллагуудад иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг амаар болон бичгээр, 7045-2222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.мн цахим сайтаар хүлээн авч байгаа юм.

Холбоотой мэдээ