Богд сум Засгийн газрын шагнал “Мөнгөн буйл”-ыг 40 жилийн дараа дахин хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-21 12:35:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн Богд сум 2018 онд 10635 тэмээ тоолуулж, түмэн тэмээтэй болсны баяраа энэ сарын 19-ний өдөр тэмдэглэлээ. Тус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тэмээчин гурав төрсөн бөгөөд энэхүү баяраа отгон баатар Д.Жанцангийн нэрэмжит болгон зохион байгуулав.

Тухайлбал, 1969 онд Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс Ж.Маань Хөдөлмөрийн баатар болж байсан бол 1979 онд Д.Инов жил бүр 600 хүртэл тооны тэмээ маллаж, 100 ингэ бүрээс 92-100 ботго бойжуулан Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ. Тэгвэл тус сумын малчин Д.Жанцан 1984 оноос “Сүхбаатарын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж, үйлдвэрлэлийн даалгавраа 100-124,7 хувь биелүүлэн улсын хошой аварга малчин болж байсан ба улмаар 1989 онд Хөдөлмөрийн баатар болсон юм.

Д.Жанцангийн нэрэмжит “Түмэн тэмээний баяр”-т говийн сумдаас гадна Өмнөговь, Баянхонгор аймгийн тэмээчид ирж оролцон гурван насны тэмээ уралдуулж, уламжлалт тэмээн жин, ачлагын тэмцээн, ижил зүсмийн тэмээ унасан сайхан хос шалгаруулах зэрэг арга хэмжээ болов.

Мөн Богд сум 1979 онд 12 мянган тэмээ тоолуулж, Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" хүртэж байсан бол 40 жилийн дараа дахин энэ нэр хүндтэй шагналын эзэд боллоо. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг уг шагналыг гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ