Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны хүрэлцээ хангамж сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-19 09:21:27

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны газрууд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагдаж байна. Тухайлбал Тосонцэнгэл сумын таван цэцэрлэг, Улиастай сумын зургаан цэцэрлэг, Завханмандал, Цагаанчулуут, Цагаанхайрхан гэхчлэн 10 сумын хүүхдийн цэцэрлэгүүд БСШУС-ын яамны хөрөнгө оруулалтаар гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжтэй болжээ.

Ийнхүү шаардлага хангасан гал тогооны тоног төхөөрөмжтэй болсноор цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны нэр төрөл хүрэлцээ хангамж чанар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар 29 цэцэрлэг гал тогооны иж бүрэн тоногт төхөөрөмжтэй болсон ба энд 71 тогооч ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын 23 сургууль гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон ба үдийн цай бэлтгэдэг 62 тогооч, сургуулийн дотуур байранд 56 тогооч ажиллаж байна. "Үдийн цай" хөтөлбөрт 7304 хүүхэд хамрагдаж үүнээс сургууль дээр 5438 хүүхэд, гэрээгээр 1866 хүүхэд, дотуур байранд 1444 хүүхэд, хүүхдийн цэцэрлэгт 5209 хүүхэд, хоол хүнсний үйлчилгээнд нийт 13962 хүүхэд хамрагдаж байгаа ажээ. Түүнчлэн “Сайн багш хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдаа чадавхжуулах сургалтын үеэр цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалт зохион байгуулж, ур чадварын уралдаан зарладаг уламжлал тогтжээ. Мөн Японы ядуурлыг бууруулах сангийн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх “Зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд, чадамжид суурилсан тогоочийн мэргэжил дээшлүүлэх” сургалтыг амжилттай зохион байгуулж 130 гаруй хүн оролцжээ.

Холбоотой мэдээ