Дээрэм, малын хулгайн хэргийг илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-17 16:27:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас "Сар шинэ - 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоос гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж байгаа юм. Арвайхээр сумын дөрвөн чиглэлд хяналтын постыг 24 цагаар ажиллуулж, мал, мах, малын гаралтай түүхий эд тээвэрлэн яваа жолооч, зорчигчийн ачаа тээшийг шалгаж байна. Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл ашиглан хулгайн эд зүйлээ зөөвөрлөх хэрэг багагүй гарч байгаа тул ийнхүү шалгаж, иргэдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулгыг өгч байгаа аж.

Хяналт шалгалтын явцад хоёр хэргийг илрүүлсэн байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт иргэн А-г хүлж, гар утас, эд зүйлс, авто машиныг нь дээрэмдэн зугатаасан гэмт этгээдүүдийг Өвөрхангай аймгийн Богд сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Даваадэмбэрэл, цагдаагийн ахлах ахлагч Г.Чулуунбаяр нар саатуулан баривчилжээ. Мөн  Уянга сумын 5 дугаар багаас бусдын дөрвөн тооны үхрийг нядлан Арвайхээр сумын төв барааны захад худалдан борлуулсан этгээдүүдийг олж, хэрэг бүртгэлийг үүсгээд байна.

Энэ мэт хэрэг зөрчлүүд улсын хэмжээнд багагүй гарч байгаа тул хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, зурагт хуудсыг тарааж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

Холбоотой мэдээ