Stratfor:Сансар дахь Хятад-Америк ба Зөвлөлт-Америкийн өрсөлдөөний ялгаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-16 15:58:17

“Чанъэ-4” сансрын аппарат Сарны нөгөө талд бууснаар Хятад улс АНУ-ын давамгайллын эсрэг маш хүчтэйгээр сөрөн зогсч чадна гэдгээ харууллаа. Гэхдээ Хятад-Америкийн сансар дахь өрсөлдөөн нь хагас зуун жилийн өмнөх Зөвлөлт-Америкийн өрсөлдөөнийг давтана гэж үзэж болохгүй гэдгийг Стэнфордын их сургуулийн түүхч, академич Иен Моррис /Ian Morris/ онцолж байна. Тэрбээр энэ тухай нийтлэлээ Америкийн дүн шинжилгээний Stratfor төвийн цахим хуудсанд байрлуулсныг орчуулан хүргэе.  


Хятад улс ба АНУ-ын хооронд эхэлж буй сансар дахь өрсөлдөөн нь “Хүйтэн дайн”-ы үеийн өрсөлдөөнөөс эрс ялгаатай. Хятадын сансрын хөтөлбөр нь НАСА-гийн хөтөлбөртэй нэгэн адилаар арилжааны чиглэлтэй учраас сансарт өрнөсөн шинэ өрсөлдөөн нь эдийн засгийн хэмжүүрээр тодорхойлогдох болно.


Түүнчлэн сансрын уудам дахь Хятад-Америкийн өрсөлдөөний цэрэг стратегийн чиглэл нь ч өөр бөгөөд учир нь, хиймэл дагуулын холбооны системээ хамгаалах болон дайсны систем рүү довтлоход гол анхаарал төвлөрч байна. Өмнө нь тив алгасагч баллистик пуужингуудаас хамгаалах, тэдгээрийг устгах явдал гол зорилт болж байсан билээ. Гэхдээ нөхцөл байдал маш түргэн өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. 


1 дүгээр сарын 3-ны өдөр Хятадын Үндэсний сансрын удирдлагын газар бидэнд Сарны нөгөө талд судалгааны төхөөрөмжөө буулгалаа. Энэ бол техникийн гайхамшигтай ололт юм. Хятадууд Сарнаас 64 мянган км-ийн зайд дахин дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд оруулсан нь ийм амжилтад хүрэх боломжийг нээж өглөө. Уг хиймэл дагуул Дэлхийгээс ирж буй дохиог дээрх төхөөрөмжид дамжуулснаар Сарны нөгөө талаас холбоо барих асуудлыг шийдэж чадсан юм.  


Хятад улсын хувьд сансрын өрсөлдөөнд нэлээд хожуу татагдан орсон бөгөөд 1970 онд л анхны хиймэл дагуулаа хөөргөж байлаа. Өөрөөр хэлбэл, Зөвлөлтийн хиймэл дагуул тойрог замд орсноос хойш 13 жилийн дараа гэсэн үг. Хятадын анхны сансрын нисгэгч 2003 онд сансарт ниссэн нь Юрий Гагаринаас даруй 42 жилийн дараа болсон үйл явдал юм. Түүнээс гадна, Хятад улс сансрын судалгаанд зарцуулж буй хөрөнгөө аль болохоор хэмнэхийг хичээж байгаа бөгөөд АНУ-тай харьцуулахад 5 гаруй дахин бага мөнгө зарцуулдаг. Гэхдээ тус улс сансрын хоёрдахь том гүрэн болж чадсан байна. Ийм учраас сансрын хоёрдахь өрсөлдөөн эхэлсэн тухай мэргэжилтнүүд сүүлийн үед байнга ярих боллоо. Уг өрсөлдөөн нь 1950-1980 оны хооронд АНУ ба ЗХУ-ын хооронд өрнөж байсан анхны өрсөлдөөнтэй зарим талаараа төстэй мэт. Гэхдээ нарийн ширийн зүйлүүдийг анхааралтай ажиглах аваас хагас зуун жилийн өмнөх Зөвлөлт-Америкийн өрсөлдөөн ба өнөөгийн Хятад-Америкийн өрсөлдөөн нь хоорондоо төстэй зүйлээр тун бага гэдгийг анзаарах болно. 


Нэр хүндийн төлөөх тэмцэл


Сансрын уудам дахь Зөвлөлт-Америкийн өрсөлдөөн нь нэр хүндийн төлөөх тэмцэл байсан. 1956 онд Н.Хрущев барууныханд хандан “бид та нарыг булшилна” гэж заналхийлж байсан нь үүнийг гэрчилнэ. Тухайн үеийн бодит байдлыг ажвал, тус хоёр улсын сансрын хөтөлбөрүүд нь эхэн үедээ нацист Германы эрдэмтдээс ихээхэн хамаарч байсан нь үнэн. Зөвлөлтүүд дэлхийн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, анх удаа хүн сансарт нисгэсэн нь үзэл суртлын гайхамшигтай амжилт байлаа. Харин америкчууд 1969 онд Саран дээр амжилттай бууж, үүнийг нь шууд нэвтрүүлгээр дэлхий даяар 530 сая хүн үзсэнээр тэд ЗХУ-аас давамгайлах болсон юм.  

Тодорхой утгаар нь харвал, өнөөгийн Хятад-Америкийн өрсөлдөөн нь Зөвлөлт-Америкийн өрсөлдөөнтэй төстэй мэт санагдаж магадгүй. Хятадын засгийн газрын хэвлэл болох “Чайна Дэйли” сонинд байнга бичиж байгаагаар бол, сансрын уудмыг эзэмших тал дээр олж буй ололт амжилт нь Хятад улс шинжлэх ухаан, техникийн салбарт Барууны орнуудын түвшинд хүрч, улмаар тэднийг гүйцэн түрүүлж буйг харуулж байгаа ажээ. Гэхдээ энд зарчмын том ялгаа бий. Хрущев болон түүнийг залгамжлагчид ярихдаа “ЗХУ сансрын уудмыг эзэмшиж байгаа нь коммунизм бол капитализмаас давуу гэдгийг харуулж байна” гэж байлаа. Харин Хятадын удирдагчид мэдэгдэхдээ “сансрын хөтөлбөр нь БНХАУ-ын үндэсний соёлын хүчийг харуулж байна” гэж байгаа бөгөөд социализмын давуу талын талаар огт ярьдаггүй. 2003 онд “Шэнжоу-10” сансрын хөлгийг хөөргөх ёслолын ажиллагааны үеэр Ши Жинпинь хэлэхдээ “сансрын нисгэгчид нь Хятад үндэстний сансрын мөрөөдлийг биелүүлж, Хятадын ард түмний эрхэм зорилго тэмүүллийг илэрхийлж байна” гэж байв.  


Зөвлөлтүүд сансрын хөлгүүддээ “спутник”, “союз” гэх мэтчилэн социалист маягийн нэр өгдөг байсан бол хятадууд үлгэр домгийн холбогдолтой нэр өгөхийг илүүд үзэж байгаа нь тэдний соёлын хандлагыг илэрхийлнэ. Сарнаа аялагч “Чанъэ-4” хөлгийг үхэшгүй мөнхийн шидэт ундаа уусныхаа дараа Саран дээр нисч очоод ордон барьсан охин тэнгэрийн нэрээр нэрлэжээ. Энэ бол Хятадын сансрын хөтөлбөр нь Хятадын үндэсний онцлогийг тусгадаг гэдгийг харуулна. Уг хөлгийн бүхээгт Хятадын соёлын нэг хэсэг болох торго нэхэгч хүр хорхойноос гадна төмсний үр байжээ.


Хятадын Үндэсний сансрын удирдлагын газраас 4 дүгээр сарын 24-ний өдрийг “Сансрын өдөр” болгосныг зарлан мэдэгдээд “Саран дээрх ордонд амьдрах гэсэн хятад мөрөөдөл тун удахгүй биеллээ олно” гэдгийг онцоллоо. Энэ мөрөөдөл 2030 онд биелнэ хэмээн төслийн ерөнхий зохион бүтээгч У Вэйжень (Wu Weiren) таамаглаж байна. Одоогийн байдлаар, сайн дурынхан Сарны ордныг дууриалган барьсан байшин дотор чийгийн улаан хорхойгоор хооллон дасгал сургуулилт хийж байна. Тэд Энди Вейрийн бичсэн “Ангараг гарагийн хүн” гэдэг уран зөгнөлт зохиолын гол баатрын нэгэн адил шээсээрээ бордон ургуулсан ургамлыг идэж байна. Сарны ар талд буух боломжийг бий болгосон холбооны хиймэл дагуулыг Цюэцяо буюу “Шаазгайны гүүр” хэмээн нэрлэнэ. Шаазгайнууд жилдээ нэг удаа сүрэг болон нийлж, Сүүн замын галактикийн дундуур гүүр барьснаар салж хагацсан хайртай хүмүүсийг уулзуулдаг тухай домог ярианаас сэдэвлэн энэ нэрийг өгчээ. Сансрын судалгаа бол пролетари ангийн ялалтын бэлгэдэл мөн гэж үздэг Зөвлөлтийн сансрын хөтөлбөрөөс ялгарах хамгийн том ялгаа нь энэ юм. Тэгэхээр сансрын уудам болон эх дэлхий дээрх их гүрнүүдийн өрсөлдөөнд үндэсний үзэл нь социализм ба капитализмаас давамгайлж байна гэсэн дүгнэлтийг хийхээс өөр аргагүй ээ.


Сансрын хөтөлбөрийн технологийг хөгжил дэвшилд ашигласан нь  


Сансрын хоёрдахь өрсөлдөөний эдийн засгийн агуулга нь түүнийг Зөвлөлт-Америкийн өрсөлдөөнөөс ихээхэн ялгаатай гэдгийг  харуулж байна. ЗХУ-ын хувьд, сансрын хөтөлбөрөөсөө эдийн засгийн ямар ч ашиг олоогүй бол харин Америкийн НАСА хувийн хэвшлийнхний оролцоог хөхиүлэн дэмжиж, сансрын судалгааны ололт амжилтуудаа ашиг олоход чиглүүлсээр иржээ. 1960-аад оны сүүлч гэхэд Америкийн сансрын удирдлагын газарт холбооны төсвийн 4 хувийг зарцуулж байх үед америкчуудын тал хувь нь “Аполлон” хөтөлбөрийг санхүүжүүлэхийг дэмжихгүй байсан нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харагдана. Гэвч эцсийн дүндээ хөтөлбөрийн хүрээнд 6300 шинэ бүтээл гарган авснаар зарцуулсан мөнгөө хангалттай хэмжээгээр нөхөөд олсон билээ. Хэрвээ “Аполлон” хөтөлбөр хэрэгжээгүй бол өдгөө бидний амьдралд ердийн зүйлс болчихоод байгаа компьютер, байршил тогтоох систем зэрэг нь одоогийнхоос хэдэн арван жилээр биш юм аа гэхэд нэлээд олон жилээр хоцрогдсон байх байлаа.   


Хятадын хөтөлбөр ч гэсэн НАСА-гийнхтай адил арилжааны чиглэлтэй. Хөтөлбөрийн хүрээнд хиймэл дагуулаас байршил тогтоох системийг зохион бүтээсэн нь Америк, Орос, Европын хуучин системүүдтэй дүйцэхүйц болжээ. Уг систем одоо жилдээ 30 тэрбум долларын ашиг авчирч байна. “Чанъэ-4” хөлөг Сарны нөгөө талд газардахаас долоо хоногийн өмнө уг байршил тогтоох системийн “Бэйдоу-3” гэдэг хувилбарыг ашиглаж эхэлжээ. Хятадуудын баталж байгаагаар, уг хувилбар нь ижил төстэй Америкийн системээс 10 дахин илүү нарийвчлалтайгаар байршлыг тогтоож чадах гэнэ.


Ийм том амжилт олсон ч гэсэн Хятад улс илүү том зорилтуудыг өмнөө тавиад байна. Цэргийн Төв комиссын дэслэгч генерал Жан Юлин-ий хэлснээр “Дэлхий-Сар гэсэн орон зай нь хятад үндэстний аугаа их сэргэн мандалтад стратегийн ач холбогдолтой” аж. Түүний ярьснаар бол, Хятадын инженерүүд 1990-аад оны эхнээс сансарт нарны эрчим хүч гарган авах талаар ажиллаж байгаа гэнэ. Хятадын Сансрын технологийн академийн эрдэмтдийн төлөвлөж байгаагаар, 2035 он гэхэд Дэлхий ба Сарны дунд 100 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих аж. 1 км хэмжээтэй, 10 мянган тонн жинтэй уг станц одоо ажиллаж буй Олон улсын сансрын станцаас даруй 25 дахин том юм. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, уг станц 2050 он ажиллаж эхэлснээр дэлхийн эрчим хүчний тогтолцоонд хувьсгал гарах ажээ.   


Цэрэг стратегийн талаар ашиглах нь


Зөвлөлтийн болон Америкийн сансрын хөтөлбөрүүдийн аль аль нь тив алгасагч баллистик пуужин зохион бүтээхтэй салшгүй холбоотой байсан. 1957 онд зөвлөлтүүд хиймэл дагуул хөөргөсөн нь тэд ийм төрлийн пуужин үйлдвэрлэж чадна гэдгийг харуулсан бол 1959 онд америкчууд ЗХУ-ыг гүйцэж түрүүлэв. 1960 онд тус хоёр улс шумбагч хөлөг онгоцноос пуужин харвах технологийг эзэмшлээ. Ингэснээр шумбагч хөлөг онгоцнууд гэнэтийн дайралтад өртөхөөргүй болсон юм. 1962 оны Карибын хямралын үеэр цэнэгт хошууны тоогоор америкчууд 9:1 гэсэн харьцаагаар ЗХУ-аас давамгайлж байлаа. Батлан хамгаалах яамны таамаглаж байснаар, Америкийн эхний цохилтод өртөн 100 сая хүн амиа алдсанаар ЗХУ сүйрэн унахад хүрэх байв. Үүний сацуу Зөвлөлтийн хариу цохилтод 75 сая америкчууд болон 115 сая европчууд амь үрэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ тохиолдолд дэлхийн хойд хагас бөмбөрцөг бүрмөсөн сүйрэхээр байлаа. Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нь бие биенийгээ бүрмөсөн устгах аюулын эрин үеийн эхлэлийг тавьсан юм. 


Харин сансрын хоёрдахь өрсөлдөөний цэрэг стратегийн чиглэл нь өдгөө огт өөр байгаа болой. 1980-аад оны дунд үеэс эхлэн дэлхий дээрх цөмийн цэнэгийн тоо олон дахин хорогдож, өдгөө цөмийн томоохон дайн дэгдэх магадлал буурчээ. Цэргийн талаас нь харвал, өөрсдийн хиймэл дагуулын системүүдээ хамгаалах, бие биенийхээ системүүдэд халдах гэсэн санаа зорилго АНУ, Хятад, Орос гуравт бий учраас эдгээр улс сансрын уудмыг сонирхож байна. 2018 оны сүүлчээр бие даасан цэргийн командлал болж өргөжсөн Америкийн сансрын командлал үүнийг гол үүрэг зорилт хэмээн харж байна. Өдгөө сансрын хөтөлбөр нь тив алгасагч баллистик пуужин харвахтай бараг хамаагүй болжээ. 2007 онд хятадууд Орос, АНУ хоёрын нэгэн адилаар пуужин ашиглан тойрог замд байгаа хиймэл дагуулуудаа устгаж чадна гэдгээ харуулсан нь олны эгдүүцлийг төрүүлж байсан билээ. Хиймэл дагуулуудыг устгасанаар Дэлхийгээс 800 км-ийн зайтай тойрог замд байгаа 500 мянган ширхэг хог хаягдлын тоо улам л нэмэгдсэн. 2016 онд Хятад улс робот гар бүхий сансрын аппаратыг тойрог замд гаргасныгаа “сансрын аюултай хог хаягдлыг цэвэрлэх зорилготой” гэж тайлбарлав. Харин цэргийн мэргэжилтнүүдийн болгоомжилж байснаар, уг аппаратыг хөөргөсөн нь Америкийн хиймэл дагуулуудыг дэлбэлэхийн оронд тэдгээрийг олзлон авах, ингэснээр бүгдэд аюул учруулж болзошгүй хог хаягдлыг шинээр үүсгэх зорилготой байсан аж.      


2010-аад оны үеийн сансрын дайн нь 1980-аад оны үеийнхтэй адил төстэй зүйлээр тун хомс. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй юм. Тодруулбал, Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд нь ойртон ирж буй тив алгасагч баллистик пуужингуудыг харван устгах чадвартай гэсэн хардлага улстөрчдөд төрөх аваас байдал өөрчлөгдөж магадгүй гэсэн үг. Төгс төгөлдөр гэж болохоор нөхцөл бүрдсэн үед амдан сөнөөгч пуужингууд байгаа онох магадлал 56 хувьтай гэдгийг 2018 онд явуулсан туршилт харуулсан. Өөрөөр хэлбэл, тив алгасагч баллистик пуужин бүрээс 4 ширхэг пуужин харвана гэж үзвэл, тэдгээр пуужингийн 97 хувийг устгаж чадна гэсэн үг. Үлдсэн 3 хувь нь байгаа оноход л олон сая хүн амь үрэгдэнэ, гэхдээ АНУ дайралтыг тэсч гараад, дайныг үргэлжлүүлсээр байх боломжтой. Тэгэхээр дээрх цуу яриа нь ямар нэгэн үндэслэлтэй байж таарах нь. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь “цөмийн зэвсгээр бие биенийгээ бүрмөсөн устгах” тухай үзэл баримтлалыг үгүй хийснээр сансрын уудам дахь хоёрдахь өрсөлдөөн нь аймшиг төрүүлэхүйц цоо шинэ чиглэлд хөгжих магадлалтай. 


“Чанъэ-4” хөлгийн нислэг бол асар том үсрэлт бөгөөд энэ нь зөвхөн шинжлэх ухаанд хамаатай зүйл биш ээ. Хятад улс дэлхий дээрх АНУ-ын давамгайллын эсрэг маш хүчтэй сөрөн зогслоо. Гэхдээ Хятад-Америкийн сансар дахь өрсөлдөөн нь өмнөх үеийн Зөвлөлт-Америкийн өрсөлдөөнийг давтсан хэрэг болно гэж үзэж болохгүй. Нэр хүнд, эдийн засаг, цэрэг дайны талаар хэчнээн бодлоо ч гэсэн өнөөгийн нөхцөл байдал 1980-аад оны үеийнхтэй харьцуулахын аргагүйгээр өөрчлөгдсөн билээ.


Stratfor-ийн тухайд товчхон: Америкийн улс төр судлаач Жорж Фридманы 1996 онд үүсгэн байгуулсан Strategic Forecasting Inc буюу товчоор Stratfor бол тагнуул-дүн шинжилгээний чиглэлээр дагнан ажилладаг Америкийн хувийн компани юм. Тус компанийг “сүүдрийн ТТГ” гэж нэрлэх нь ч бий. Stratfor-ийн ажилтнууд дэлхийн дахинд болж буй үйл явдлын талаарх мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрт эдийн засгийн болон геополитикийн дүн шинжилгээ хийдэг. Үүсгэн байгуулагч Ж.Фридман өнөөг хүртэл тус компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Фред Бартон компанийн дэд ерөнхийлөгч юм. 


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://worldview.stratfor.com/article/chinas-giant-leap-new-space-race

https://inosmi.ru/politic/20190115/244387852.html

 

 

 

Холбоотой мэдээ