Онцлог, бүтээлч ажлаараа зургаан цэцэрлэг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-15 12:02:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Энэхүү зөвлөлгөөнөөр цэцэрлэгүүд 2018 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан байна.


Зөвлөлгөөний үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлог, бүтээлч ажлаараа тэргүүлсэн зургаан цэцэрлэгийг тодруулан шагнаж, урамшуулжээ. Тодруулбал: “Шинэлэг аргазүй, туршлага түгээн дэлгэрүүлэгч” -ээр Улаангом сумын тавдугаар, “Хүүхдийн хөгжлийг дэмжигч”-ээр Улаангом сумын есдүгээр, “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэгч”-ээр Завхан сумын, “Бүтээлч, ажил үйлчилгээтэй” цэцэрлэгээр Улаангом сумын наймдугаар, “Багшийн хөгжлийг дэмжигч”-ээр Улаангом сумын гуравдугаар, “Хүүхдийн оюуны хөгжлийг дэмжигч”-ээр “Ухаалаг жаалууд” цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Увс аймгийн хэмжээнд 18 суманд тус бүр нэг, аймгийн төвд 9, хувийн 3, нийтдээ 30 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ