ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан гишүүнийг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг 94.5 хувийн саналаар дэмжлээ.
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан хэрэг нийтэд ил болсонтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс Засгийн газраас ХХАХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох саналаа өргөн барьсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Өмнөх сайдын үед ХХААХҮ-ийн салбарыг хөгжүүлэх олон ажил хийсэн. Ч.Улаан гишүүн ч өмнөх бодлогыг хэрэгжүүлж, хөгжүүлэх чиглэлд идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Ч.Улаан гишүүн төрийн өндөр дээд албан тушаалыг олон жил хашсан. Одоо ХХААХҮ-ийн сайдаар залуу, чадварлаг хүн томилох хэрэгтэй” хэмээв.
Нэр дэвшигч Ч.Улаан, “Ерөнхий сайд надад ХХААХҮ-ийн сайдаар ажиллах санал тавьсан тул би хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. ХХААХҮ-ийн салбарыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрт байгаа бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана” гэлээ.
Монгол Улс нийт 66 сая толгой малтай хэдий ч махны үнэ буурахгүй байгааг С.Бямбацогт гишүүн шүүмжилсэн.
Ч.Улаан гишүүн махны үнийн өсөлтийн шалтгаан болон түүнийг буулгах боломжийг нарийн судлаж үзнэ гэдгээ хэлээд, “ХХААХҮ-ийн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 50 хувийг дангаар бүрдүүлдэг. Намайг ХХААХҮ-ийн сайдаар томилох саналыг өргөн бариад хоёр сар орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын хууль, тогтоол болон төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан. ЖДҮХС-гийн зээл олголтыг шилэн болгож, Мах, сүүний аяныг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Мөн Ё.Баатар билэг, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол гишүүн хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах, малын хулгайтай тэмцэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг сануулав.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
-1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
-1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
-1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
-2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
-2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
-2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд
-1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.