Үндэсний компаниуд дампуурлаа зарлахад ойрхон байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-11 17:50:42

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад суурь шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ бүрэн авч чадаагүйгээс зарим компани дампуурлаа зарлахад тулаад байгаагаа мэдэгдлээ.

"Монголын төмөр замын инженерүүдийн холбоо" ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ажилтан Я.Сумьяадорж, "Транскон" ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар өнөөдөр уг асуудлаар сэтгүүлчдэд хандаж, "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Одоогоор дотоодын 13 компани тус бүтээн байгуулалтын суурь шорооны ажлын 85 хувийг гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 52.6 сая ам.долларыг хүлээн авсан аж. Гэтэл БНСУ-ын "Самсунг СТ" компани туслан гүйцэтгэгч компаниудад шилжүүлвэл зохих үлдэгдэл 24.6 тэрбум төгрөгийг шилжүүлэлгүй хоёр жил болж байгаа аж.

"Чингис" бондоос орох ёстой санхүүжилт БНСУ-ын "Самсунг СТ" компанийн дансанд хэдийн орсон гэж тэдгээр компанийнхан үзэж байна. Иймд үлдсэн санхүүжилтээ нэн яаралтай авах шаардлага үүсээд байгааг тэд хэллээ. Учир нь тэдгээр компанид ажиллаж буй олон зуун ажилтнуудын эрх ашиг ч давхар хөндөгдөж байгааг компанийн удирдлагууд зарлаад санхүүжилтээ нэн яаралтай авах талаар Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид хандана гэв.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ