Ногоон хөгжлийг мод тарихаас илүү хэмнэлт гэж харах нь зөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-03-11 17:05:25

“Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг олон нийтэд таниулах, цаашид, ялангуяа аймаг, нийслэл, орон нутагт тус бодлогын баримт бичигтэй уялдуулан хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго бүхий “Ногоон хот байгуулалт” форум өнөөдөр боллоо.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдлын эсрэг улс орнууд дуу хоолойгоо нэгтгэж, ногоон хөгжилд тулгуурлан хөгжиж эхэлсэн. Монгол Улс ч бусад орны адил байгаль, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, “Ногоон хөгжлийн бодлого” боловсруулан ажиллаж байна. 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй “Ногоон хот байгуулалт” уулзалт нь энэхүү бодлогоо амжилттай хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байгааг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Болортуяа форумын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр хөгжиж байгаагаас шалтгаалан байгалийн нөөц шавхагдаж, хүн амын хэрэгцээг бүрэн хангахын тулд 2 дэлхийтэй тэнцэхүйц байгалийн баялаг шаардаж байгааг БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого стратеги төлөвлөлтийн газрын Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл хэт хөгжиж, хүлэмжийн хийн ялгарал дээд хэмжээндээ тулснаар дэлхийг сөнөөх аюул рүү алхам алхамаар ойртуулж байна.

Тухайлбал, Монгол Улс нэг ам.долларын өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 17 кг байгалийн нөөц ашиглаж байна. Харин бусад орнууд 0.3-3 кг нөөц ашиглаж нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж эхлээд буй Ногоон хөгжлийн бодлогын гол зорилго бол ирээдүй үедээ эрүүл орчин, унаган байгалийг хадгалан үлдээх юм.

Ногоон хөгжил гэдгийг мод тарих гэдгээс илүү хэмнэлт гэж харах нь зөв. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулаанаа хэмнэж, тэр бүхэнд зарцуулдаг нүүрс, түлшний хэрэглээг бууруулах юм. Энэ хэмжээгээр экологид сөрөөр нөлөөлж буй нүүрс хүчлийн хийн ялгарал буурна гэж ойлгож болно. Монгол Улс 2040 он гэхэд нийт хог хаягдлынхаа 40 хувийг дахин боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Хэрэглээгээ багасгаж, үргүй зардал, хог хаягдал гаргахаа зогсоосноор ногоон хөгжилд хүрэх юм” гэлээ.

Хүн төрлөхтний 50 хувь нь буюу 3.5 тэрбум хот, суурин газарт амьдардаг байна. Энэ тоо жил ирэх тус өсч байгааг НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Беата Транкманн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, Дэлхийн нийт газар нутгийн 3 хувийг хот, дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй нүүрс хүчлийн хийний ялгарлын 75 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тиймээс хот суурин газруудад “ногоон хот” байгуулах асуудал чухлаар тавигдах болсон. Ногоон хот гэдгийг байгалийн тогтоц бүхий соёлын өвийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зэргээр олон талаас нь үзэж болно.

Монгол Улсын хүн амын 60 орчим хувь суурин газарт байдаг. Монгол Улсад болж буй хэт хотжилт нь орон нутгийн иргэдийн амжиргааны түвшин доогуур байдагтай холбоотой. Мөн гэр хорооллын иргэд хөрсний бохирдол өндөртэй, үерийн аюултай бүсэд байдаг. Энэ бүх асуудлыг шийдэх гарц, гаргалгаа бол ногоон хөгжил юм. Тиймээс НҮБ-ын зүгээс “Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого”-ыг байнга дэмжин ажилладаг” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ