Цагдаагийн газар 1400 гаруй пиротехникийн хэрэгсэл хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-02 11:07:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар нь шинэ жилийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн сарын 29-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан юм.

Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Э.Анхбаярын өгсөн мэдээллээр баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид 25 чиглэлд давхардсан тоогоор 187 багц эргүүл хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөн замын хөдөлгөөний аюудлгүй байдлыг хангаж ажиллажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй буюу хулгайн талаар нэг, зөрчлийн шинжтэй 28, бусад нэг, нийтдээ 30 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Аймгийн хэмжээнд ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн зөрчлийг илрүүлж арга хэмжээ авчээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдаалсан ес, зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдаалсан хоёр зөрчлийг илрүүлж, 57 ширхэг салют, 1400 ширхэг бенгалийн гал хураан авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Холбоотой мэдээ