Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2019-01-01 12:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурав дахь удаагаа шинэчлэн баталсан төрийн албаны тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. 

Төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ (улс төрийн албан хаагчаас бусад) төрийн албан хаагчид улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхыг хуульчилсан шинэхэн хуульд бас нэгэн зарчмын өөрчлөлт туссан нь Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн сонгосон орон тооны гурван гишүүн,  төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүнтэй байх аж. 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг өнөөдрөөс олон нийтэд  түгээж эхэлжээ.  Сонгон шалгаруулалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан  байна. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд  дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байх учиртай. 



Холбоотой мэдээ