Баян-Өлгий аймаг дахь шүүхүүд энэ онд 1530 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-25 20:13:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах Шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, ил тод, нээлттэй байлгах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран "Шүүхийн нэг өдөр" арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан билээ. Энэ үеэр шүүгчид болон Шүүхийн тамгын газрын ажилчид иргэдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрхэн хүлээж авах, эвлэрүүлэн зуучлах, шүүх хуралдаан, хэргийг шүүхэд хянан хэлэлцэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг тоймлон хүргэж байна.

Баян-Өлгий аймагт бие даасан дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулдаг

Баян-Өлгий аймагт Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гээд бие даасан дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр шүүхүүдэд нийтдээ 13 шүүгч, шүүхийн Тамгын газарт 29 захиргааны албан хаагч ажилладаг байна.


Шүүх, шүүгч гагцхүү хуульд захирагддаг

            Шүүхийг төрийн захиргааны байгууллагуудтай харьцуулах боломжгүй бөгөөд "дарга" гэдэг албан тушаал байдаггүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүгч гагцхүү ХУУЛЬ гэсэн "дарга"-д захирагдана. 

Шүүх бүр Ерөнхий шүүгчтэй боловч бусад шүүгч нараас илүү онцгой бүрэн эрх эдэлдэггүй, бусад шүүгч нарын нэгэн адилаар хэрэг маргаан шийдвэрлэдэг байна. Ерөнхий шүүгч нь Шүүхийн тухай хуульд зааснаар тухайн шүүхийг гадаад, дотоодод төлөөлөх, шүүгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулах, шүүх хуралдааныг даргалах, эсхүл зөвлөгөөнөөр тогтоосон дарааллын дагуу даргалагч шүүгчдийг томилсон шийдвэрийг албажуулах, иргэдийг хүлээж авах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах зэрэг хэд хэдэн үүрэг л хүлээдэг ажээ.


Монгол Улсын хэмжээнд зөвхөн Баян-Өлгий аймгийн шүүхэд орон тооны

орчуулагч ажилладаг

Монгол Улсын Үндсэн хуульд "шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна",  "монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно" хэмээн заасан байдаг. Тийм учраас хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх болох Казах иргэд олноор амьдардаг Баян-Өлгий аймгийн хувьд 1991 оноос Шүүхийн тамгын газрын бүтцэд орчуулагчийн орон тоо бий болгосон байна. Баян-Өлгий аймгийн шүүхийн орчуулагчаар А.Еркегүл ажилладаг бол хамгийн анхны орон тооны орчуулагчаар одоогийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша ажиллаж байжээ.



Иргэдийн гаргасан нэхэмжлэл аль шүүгчид хуваарилагдахыг урьдчилж мэдэх боломжгүй

            Иргэд, хуулийн этгээд, албан байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг шүүхийн Мэдээлэл, лавлагааны төвийн мэргэжилтэн хүлээж авдаг. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтнээс та нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах, тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар, хэргийн оролцогчдын эрх, үүрэг, хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан, тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа, шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо, шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.

            Гэхдээ иргэдийн гаргасан нэхэмжлэлийг хэн гэдэг шүүгчид хуваарилагдан очихыг урьдчилж мэдэх боломжгүй бөгөөд ирсэн хэргүүд компьютерын программын тусламжтайгаар шүүгчдэд автоматаар хуваарилагддаг байна.


Шүүхийн бичиг хүргэгч өдөрт 15-20 хүнд мэдэгдэх хуудас хүргүүлдэг

Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэл болон түүнд хавсаргасан нотлох баримт материалтай нэг бүрчлэн танилцаж, хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргана.

Шүүгч, шүүгчийн туслах хариуцагч болох этгээдийг нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас бичиж, бүртгэлд бүртгэн, шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө. Бичиг хүргэгч хариуцагчийн гэр, ажлын хаягаар очиж шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгснөөр тухайн хүн шүүхэд дуудагдаж байгаагаа мэдэж шүүхэд хүрэлцэн ирнэ. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн бичиг хүргэгч нэг өдөрт дунджаар 15-20 орчим хүнийг дуудахаар шүүгч, шүүгчийн туслахуудаас мэдэгдэх хуудас хүлээж авдаг байна.


Шүүхэд долоо хоногт 35-40 шүүх хуралдаан болдог

Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд долоо хоногт 35-40 шүүх хуралдаан товлон зарлагдаж, өдөрт эвлэрүүлэн зуучлалтай хамт 8-10 шүүх хуралдаан хийгддэг байна. 


Баян-Өлгий аймгийн шүүхүүд 2018 онд 1530 хэрэг хянан шийдвэрлэжээ

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2018 онд 1530 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ. Үүнээс Иргэний хэргийн анхан шатны шүүх 850, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 190 эрүүгийн хэрэг, 246 зөрчлийн хэрэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 80, Давж заалдах шатны шүүх 128 иргэний хэрэг, 32 эрүүгийн хэрэг, 4 зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ