Бүргэдчин охин Т.Заманболыг "Нью Йорк таймс" сонин онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-24 15:35:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Сагсай суманд аж төрдөг бүргэдчин охин Т.Заманболыг "Нью-Йорк таймс" сонин энэ сарын 22-ны өдрийн дугаартаа онцолжээ.

Түүний тухай, "14 настай бүргэдээр ан хийдэг анчин охин. Бүргэдээр ан хийх урлагийг өвөө нь болох Матейгээс сурсан. Хичээлээс гадуур амралтын өдрүүдэд хөдөө байдаг гэртээ ирж бүргэдтэйгэ ан хийдэг" хэмээн танилцуулсан байна.  

"Өвөө маань бүргэдийг хэрхэн гаршуулах, алсаас дуудах, ан хийлгэх зэрэг бүргэдээр ан авлах урлагийн бүхий л технологийг намайг бага байхаасаа эхэлж зааж сургасан. Өвөөтэйгөө хамт бүргэдээр чоно хүртэл барьж байлаа. Түүнийг нас барсны дараа би үйлийг нь үргэлжлүүлж бүргэдчин болохоор шийдсэн" хэмээн Т.Заманбол хэлсэн байна.

Мөн тухайн нийтлэлд, "Бүргэдээр ан хийх уламжлалыг эрт дээр үеэс хадгалж буй цорын ганц үндэстэн бол Монголын казакууд юм. Казак түмэн жил бүр “ Golden Eagle Festival ” хэмээх том наадам зохион байгуулдаг бөгөөд тус арга хэмжээ нь гадаадын жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг. 2014 оны “Golden Eagle Festival ” наадамд тэргүүн байр эзэлсэн Н.Айшолпан охины тухай баримтат кино 2016 онд нээлтээ хийж, бүргэдээр ан хийх эртний уламжлалт соёлыг дэлхий дахинд сурталчилсан билээ. Одоогоор Баян-Өлгий аймагт бүргэдээр ан хийлгэдэг 400 орчим анчин байдаг" хэмээжээ.

Сонирхуулж хэлэхэд, "Бүргэдчин охин" хэмээн дэлхийд алдаршсан Н.Айшолпаны дараа Баян-Өлгий аймагт бүргэдээр ан хийх охидын тоо нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн Улаанхус суманд зохион байгуулсан бүргэдчидийн тэмцээнд 8-16 насны 12 охин өрсөлдөж байсан билээ.

Холбоотой мэдээ