Д.Хаянхярваа, С.Батболд нарыг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар Бага хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр тус намын МАН-ын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.
Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрөө огцрох хүсэлтээ гаргах хэрэгтэй
гэсэн намын даргын саналыг дэмжиж тогтоол баталснаас гадна Ерөнхий хяналтын
хорооны 2018 оны ажлын тайлан, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахтай
холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн
Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд нарыг намын Удирдах
зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын
дарга С.Амарсайхан нарыг нөхөн томилсон. Мөн 11 гишүүнийг Бага хурлын гишүүнээс
чөлөөлсөн гэдгийг Б.Баярбаатар онцлов.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-УИХ-ын даргыг огцруулах
тогтоол батлах нь Үндсэн хуульд нийцэх үү?
-Энэ тогтоол хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг шууд огцруулах
бус өөрөө хүсэлтээ гаргаж огцрох хэрэгтэй гэсэн намын даргын саналыг дэмжиж тогтоол
баталсан юм.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд
хариуцлага тооцох асуудал яригдсан уу?
-Бага хурлаас “60 тэрбум”, ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хууль, хяналтын
байгууллагуудаар шалгуулж, эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тогтоол
баталсан.