МАН-ын гишүүд дотроо асуудлаа шийдэж, төрийг гацаанаас гаргахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-18 12:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын анхан шатны байгууллага буюу үүрийн дарга нар, гишүүд, дэмжигчид намын байрандаа мэдээлэл хийж тайван жагсав.

Тэд ярихдаа, “Сүүлийн үед улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Нэг намын асуудал цаашид улам даамжирч улс төрийн хүрээнд улс орны асуудал болтлоо өргөжлөө. Сүүлийн 3 долоо хоног УИХ хуралдаж чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАНАН–гийн бүлэглэл, шударга бусын хонгил улс төрд үүсээд байгааг мэдээлж байна. Бие, биенийгээ гүтгэн доромжлох асуудал хэрээс хэтэрлээ. Тиймээс бид гурван чиглэлээр хэвлэлийн бага хурал хийе гэж шийдсэн. Нэгдүгээрт улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МАН дотооддоо асуудлаа шийдэх хэрэгтэй. Дотоод хагарал улс оронд ямар сөрөг аюултай вэ гэдгийг энэ хэдэн хоногт харлаа. Маргааш болох МАН-ын бага хурлаар дотооддоо асуудлаа шийдэж, төрийг гацаанаас хамгийн түрүүнд гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, МАН-ын нэр, хүчээр улс орны удирдлага болсон төрийн түшээд өөрсдийн эрх ашгаа бодохоос илүү намын болоод улс орны эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Бүлэглэл, өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж үхэн хатан асуудалд хандахаа болих хэрэгтэй. Монгол Улсын гурван сая гаруй иргэний төлөө ажиллаж хичээнэ, зүтгэнэ, хууль батална  гэж гарчихаад зөвхөн өөрсдийн эрх ашгийг төлөө дуугарч болохгүй. Залуу гишүүд бид шударга бусын хонгил гэдгийг харж байна. МАНАН-гийн бүлэглэл  байдгийг ч харж байна. Үүний эсрэг бид нэгдэж тэмцэнэ. Шударга ёс ярьсан шударга бус гишүүд хэвлэл мэдээлэлд их ярилцлага өгч байна. Түүнчлэн 60 тэрбум төгрөгийн асуудлыг ярих нь зүйтэй. 2016 оны сонгуулиар манай намын удирдлагууд хэн сайн ажиллаж намаа ялуулна тэр хүмүүс ажил, албан тушаалд томилогдож улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж байсан. Гэтэл бодит байдал дээр тэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилж төрийн ажлыг цалгардуулж сулрууллаа. Наана нь олон мянган чадварлаг, шударга гишүүд байгаа. Эдгээр хүмүүсийнхээ үгийг сонсдог байх ёстой. Дарга нар нь вакумжаад жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон цаг үеийг халах цаг ирсэн. Өнөөдөр 100 жилийн түүхтэй МАН сөнөх нь ээ хэмээн зарим нөхөд ярьж байна.  Сүх гэдэг хүнээр удирдуулж эхэлсэн нам сүх гэдэг хүнээр дуусах нь гэж  байна. Үгүй харин ч цэвэрших шатандаа орлоо гэж жирийн гишүүд бид харж байна. МАН хүчирхэг байж түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 
Холбоотой мэдээ