Ноён гэгээнтэн өөрийн нэрээ 50 гаруй янзаар бичиж үлдээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-17 18:23:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаа шүлэг зохиолынхоо ард өөрийнхөө нэрийг бичихдээ Равжаа нэрт тоть, газрын хязгаарын хуварга галзуу Равжаа, Өлзийтийн хүү өнөөх гайхал Равжаа гэх зэргээр бичиж үлдээдэг байжээ.

Харин энэ нэрийн утгыг үнэн мөнөөр нь зөв тайлан унших хэрэгтэй байгааг Говийн тавдугаар дүрийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний  210 жилийн ойг тохиолдуулж Сайншанд хотноо зохион байгуулсан  эрдэм шинжилгээний хурлын үеэр зохиолч, сэтгүүлч Г.Цэдэвдорж гуай өгүүлсэн юм. Тэрээр ноён хутагтын алдар нэрийн тухай илтгэл хэлэлцүүлж байсан.

Эрхэм зохиолчийн судалж тогтоосноор галзуу, согтуу гэдгийг энгийн ойлголтоор ойлгож болохгүй. Халхын ноён хутагтын талаар эрдэмтэн Хатанбаатар, Мэндсайхан нарын номонд эгэлгүй бөгөөд хосгүй  ухаантныг “Галзуу” хэмээн нэрийддэг тухай бичсэн байна.

Согтуу гэдэг нь ундааны дээжийг ус болгож урвуулдаг ид шидтэй, түүнийгээ зөвхөн бурханд зориулан хэрэглэдэг байх жишээтэй. Тэр бүү хэл Түвдийн ихэс дээдэс гэгээнтнүүд билиг билгүүн гэдгийг эгэлгүй, хосгүй гэж үзээд “Галзуу” хэмээн нэрийддэг байж. Тэгэхээр энэ нэр нь ноён хутагтыг өргөмжилсөн өндөр зэргэмжтэй байсныг баталсан хэрэг.

Энэ мэтийг ойлгож мэдээгүй  нь  бидний мунхаг, харанхуй байгаагийн илтгэж буй хэрэг. Хутагт архи уухыг хориглосон шүлэгтээ “Хэрэв архи уудаг хүн бол миний шавь биш” хэмээн үздэг байжээ. Эрдэмтэн н.Цагааны 1990 онд хэвлүүлсэн “Равжаагийн яруу найргийн цоморлиг” номноос сэдэвлэж Равжаагийн монгол, түвд хэл дээр зохиосон 220 гаруй дуу, шүлэг сургааль, жүжгийг хэлбэртэй зохиолууд бий. Энэ зохиол бүтээлдээ Ноён гэгээнтэн өөрийн нэрээ 50 гаруй янзаар бичиж үлдээсэн хэмээн өвгөн зохиолч өгүүлж байв.

XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн 5 дугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлсэн.

Монголдоо төдийгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг зузаалж, түүчээлэн дагуулагч Данзанравжаагийн бүтээл туурвил, ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлийн гүн дэх эрчим хүч аугаа аж.

Түүний бүтээл туурвилыг эрдэмтэн мэргэд судлан тогтоож Монголын түүхэнд анхны музейг үндэслэгч,  сурган хүмүүжүүлэгч, бурхны шашныг шинэчлэгч, эмэгтэй хүнийг дээдлэх үзэлтэн, нийгэм, шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэгэн биед багтаж ядсан асгарсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн байсныг тод томруун гаргасан юм.

Түүний  зохиол бүтээлийн талаар Монголын нэрт зохиолч, эрдэмтэн Ш.Гаадамба агсан өгүүлэхдээ “Миний эрдэм шинжилгээний ажлын удирдагч Г.И.Михайлов багш тавиад оны шувтаргаар надад нэг удаа “XIX зууны манай орос оронд аугаа их яруу найрагч А.С.Пушкиныг төрүүлсэн бол танай Монгол оронд мөн түүний зэргийн аугаа их яруу найрагч Д.Равжааг төрүүлж өгчээ” гэж хэлж байсан.

Хэрэв Италийн шинээр мандах хөгжлийн үеийн аугаа их яруу найрагч  Алигери Дантегийн гайхамшигт “Там” найраглалд эртний Грек, Ромын домог-үлгэрийн сэтгэлгээний уламжлал тэнгэрийн сургаал ба шинжлэх ухаан, соён гийгүүллийн үзэл санаа ус, сүү хоёрын адил ялгаж салгахын аргагүй хосолсон байдаг бол XIX зууны Монголын их найрагч Лувсанданзан Равжаагийн уран бүтээлд бас бурхны шашны сургаал номлол, хүний үнэн амьдрал, аж байдлыг үнэн мөнөөр нь шүүмжлэн үзүүлсэн ер бусын сэтгэллэг дүр зураглал хоёр мөн ялган зааглахуйяа бэрх, нэгэн цул хайлш болж нэгдсэн байдаг нь гайхамшигтай хэмээн Ш.Гаадамба эрдэмтэн дүгнэн хэлж байжээ. 

Д. Равжаа хутагт  хүн төрөлхтний сэтгэлийн орон зайд өөрийн эрдэм ухаан, бүтээл туурвил, авьяас билгийнхээ хүчээр довтолгон олон талын гайхамшигт авьяас билэг, төгс гэгээрлийн утга учрыг  мэдрүүлж  мөнхөд гэрэлтэх од лугаа улам тод гялалзан,  эдүгээ жаран жарныг элээсээр байна. Тиймдээ ч түүний бүтээл туурвилыг ЮНЕСКО дансалсан байдаг.

Мөн иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан  зүйлс, үнэт эдлэлүүд  эдүгээ шашин соёлын  томоохон өв болон хадгалагдаж байна.

Түүний  бага ахуйд ээж нь таалал болж өнчрөл хагацлын зовлон үзсэн  хэдий ч ой ухаан сайтай, хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар Ноён хутагтын тав дугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болсон. Их хутагтын жанч халсны 150 жилийн ойг дэлхий дахины хэмжээнд  дэлхийн соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 2006 онд  хүндэтгэн тэмдэглэсэн юм.

 Дорнын говь нутагт аялал жуулчлал хөгжиж өрнөөс дорныг холбосон  галт тэргээр, авто машинаар өдий төдий гадаад дотоодын жуулчин зочилж байгаа  энэ үед Говийн эгэлгүй гэгээнтний тухай наад захын зөв мэдээллийг өгч сурталчилж сурах нь нэн түрүүний говьчуудын үүрэг хэмээн өвгөн зохиолч өгүүлсэн.     

Холбоотой мэдээ