“Увсын дуулиан-2018" футзалны аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит "Увсын дуулиан-2018" футзалны аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр аймгийн Спортын ордонд боллоо. Тэмцээнд 50 багийн 600 орчим тамирчин таван насны ангиллаар өрсөлдөж шилдгүүд тодров. Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил оролцогчдын ур чадвар дээшилж, сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтууд олон гарч байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тэмцээний эрэгтэй 11 хүртэлх насны
ангилалд нэгдүгээр байрыг Цогцолбор хоёрдугаар
сургуулийн “Гиваан” баг, хоёрдугаар байрыг Ахлах гуравдугаар сургуулийн “Шонхорууд”
баг, гуравдугаар байрыг Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Их буучид” баг тус тус эзэлж, шилдэг тоглогчоор “Гиваан багийн А.Мөнх-Оргил тодорсон юм.
Харин 13 насны ангилалд Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Их буучид”, Цогцолбор нэгдүгээр сургуулийн “Улаан чөтгөрүүд”, Ахлах гуравдугаар сургуулийн Нэгдүгээр баг эхний гурван байр эзэлсэн бол шилдэг тоглогчоор Ахлах гуравдугаар сургуулийн С.Баяржавхлан шалгарлаа..
Тэрчлэн 15 насны ангилалд Цогцолбор нэгдүгээр сургуулийн “Football Kings”, Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Их буучид” баг тэргүүлж, шилдэг тоглогчоор Ахлах гуравдугаар сургуулийн Ч.Билгүүн тодров.
Арван долоон насны ангилалд Ахлах гуравдгуаар сургуулийн нэгдүгээр баг, Цогцолбор нэгдүгээр сургуулийн “Увс сити” баг, Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Викторио” баг эхний байруудад шалгарч шилдэг тоглогчоор Ахлах гуравдугаар сургуулийн Ө.Энхбаяр тодорсон. Харин эмэгтэй 15-17 насны ангилалд Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн баг тэргүүлж, Коллеж нэг, хоёрдугаар багууд удаалан, Ж.Шинэхишиг шилдэг тоглогч боллоо.