Эх орны минь хөрснөөс олдсон алт нэг бүрийг Эрдэнэсийн сандаа тушааж байхсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСExample
“Хариуцлагатайгаар
олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэлийн
уралдаанд.
Харин Монголбанкнаас
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг энэ онд хэрэгжүүлж буй тухай Увс
аймаг дахь Монголбанкны салбараас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
байнга мэдээлж, Улаангом хот орох орох гарах зам дээр самбар хүртэл байршуулсан
нь сайшаалтай байна. Тэрчлэн Өмнөговь, Тариалан, Түргэн сумын нутагт гар аргаар
алт олборлож буй 360 гаруй иргэнд өнгөрсөн 8-р сард газар дээр нь очиж энэ аяны
талаар сургалт хийжээ. Үүний үр дүнд Тариалан сумын нутгаас олдсон 915,3 грамм
жинтэй байгалийн төрц алтыг Монголбанкны Эрдэнэсийн сан 10 хувийн нэмэгдэл
үнээр өнгөрсөн 9-р сарын 4-нд худалдан авсан
байна. Ер нь бол байгалийн төрц алт олдож байсан тохиолдол ховор бөгөөд
ямартай ч энэ аяны хүрээнд энэхүү төрц алтыг эх орныхоо Эрдэнэсийн санд авч үлдэж
чадсан нь үнэхээр сайн хэрэг юм. Хэрэвзээ гар дээрээс алт худалдан авч
борлуулдаг хүмүүсийн гараар дамжсан бол энэхүү байгалийн төрц алт урагшаа
хилээр гарахыг ч үгүйсгэх аргагүй юм. Харин Монголбанкны Эрдэнэсийн санд
тушааснаар тухайн алтыг зах зээлийн үнээр нь худалдан борлуулснаас гадна 10
хувийн нэмэгдэл авч байгаа нь бас нэг давуу тал болж байна. Болдогсон бол эх
орны минь хөрснөөс олдсон алт нэг бүрийг Эрдэнэсийн сандаа л тушааж баймаар
санагдана.
Увс аймгийн нутаг
дэвсгэрээс алт олборлох болсноос хойш олон гол горхи ширгэж, бэлчээр нутаг
цөлжиж байна. Учир мэдэх зарим хүмүүс “Ухаж биш, ургуулж хөгжье” сэдвийн дор
алт ухахаа больж, чацаргана тариалъя гэдэг санааг дэвшүүлж байсан удаатай. Уг
нь бол зөв л сэдэл. Чацарганы нэг модноос дунджаар 15 кг жимс авдаг бөгөөд
үүнийг зах зээлийн үнээр дунджаар 5 мянган төгрөгөөр кг тутмыг нь худалдаалвал
75 мянган төгрөг болж байна. Чацарганы ийм 100 ширхэг модтой хүн гэхэд жилдээ
7,5 сая төгрөг өлхөн олчихно. Дээрээс нь чацарганы үрсэлгээ хийж зарж болно.
Нэг ширхэг суулгац хамгийн багадаа 3000 төгрөг. Мянган ширхэг суулгацыг
хавартаа зарлаа гэхэд 3 сая төгрөг олчихно. Чацарганы аж ахуй эрхэлж, энэ
мэтээр амьдралаа авч явдаг олон хувь хүн, аж ахуйн нэгж Увс аймагт бий.
Чухамхүү тэдний зүгээс ийнхүү “Ухаж биш, ургуулж хөгжье” сэдвийг байнга хөндөж,
байгаль орчноо ухаж төнхөлгүй харин ургамал хөрс ургуулж, ногоон байгууламж бий
болгож, цаашлаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймаг орон нутгаа
хөгжүүлье гэсэн санааг байнга дэвшүүлдэг юм. Гэвч ийм төрлийн хөдөлмөр
эрхлэхгүйгээр илүү амар хялбар аргаар, ялангуяа алт ухаж байгаль дэлхийгээ
сүйтгэж мөнгө олохыг хүсэгчдийн бүхэл бүтэн арми бий болсон нь харамсалтай.
Техник технлоги хөгжихийн хэрээр тэдний хөдөлмөрийн багаж зэвсэг хүртэл улам
оворжиж, байгаль орчинд илүү их хор хөнөөл авч ирэх болсон нь дэндүү харамсмаар
байна.
Алт олборлож байгаа аж ахуйн нэгж, компани болон хувь хүмүүсийн
алтыг худалдан авдаг хүмүүст ч гэсэн хатуу хяналт тавимаар санагдана. Болдогсон
бол Дархан-Уул,
Баянхонгор аймгуудад байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг
цэгийн үйлчилгээг Увс аймагт ч гэсэн нээх юмсан.
Эцэст нь “Манай Монгол мандан хөгжөнө” хэмээн нэгэн
ухаантны хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлүүлэе дээ. Тэр сайхан цаг бушуухан ирэх
болтугай.
МОНЦАМЭ агентлагийн Увс аймаг дахь сурвалжлагч Б.Батхүү
Холбоотой мэдээ

