FISU-д Монголын төлөөлөл олуулаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-09 13:03:55

FISU буюу Олон улсын оюутны спортын холбоонд (ОУОСХ) монголчууд олуулаа болсон Бельгийн Брюссель хотоос ирүүлжээ.

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал энэ сарын 3-6-нд болж, тус байгууллагын 15 хороодын дарга, 275 гишүүдийн нэрсийг хэлэлцэн батлав. Үүнээс ОУОСХолбоо нь зуны Универсиад, өвлийн Универиад, оюутны дэлхийн аваргын техникийн 3-н хороодын дарга, гишүүн 132 хүнийг томилсон байсан юм. Энэ удаа ОУОСХ-ны Хяналтын, боловсролын, спортын менежментийн, эмнэлгийн, хэвлэл мэдээллийн, хөгжлийн, санхүүгийн, зуны Универсиадын хяналтын, өвлийн Универсиадын хяналтын, хүйсийн тэгш эрхийн, оюутны, хуулийн 12 хороодын 143 гишүүнийг  хэлэлцэн, батлав.

Манай улсаас ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр Д.Жаргалсайхан 2007 оноос эхлэн ажиллаж байсан бол тэрээр тус хорооны дэд даргаар дэвшин сонгогджээ. Түүний удирдах хяналтын хороо нь 27 орны гишүүнээс бүрдэж байна. Харин ОУОСХ-нд Монголын гурван иргэн анх удаагаа сонгуульт ажлыг 2016 оноос эхлэн хүлээн ажиллахаар болов.

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) гадаад харилцааны ажилтан Зоригтын Уранбилэг нь ОУОСХ-ны оюутны хорооны гишүүнээр сонгогдов. ОУОСХ-ны боловсролын хорооны ажлын хэсгийн гишүүнээр МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Хашбатын Батсайхан сонгогдлоо. Мөн ОУОСХ-ны хэвлэл мэдээллийн хорооны ажлын хэсгийн гишүүнээр Ийгл телевизийн захирал Дашдаваагийн Бадамдаш сонгогдсон байна. Ийнхүү Монгол Улсаас ОУОСХ-нд нийтдээ 5-н хүн сонгуульт албан тушаалтай болж бүл нэмэн олуулаа болов.

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2003 онд МОСХ-ны Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан анх удаа сонгогдож байсан бол тэрээр 2007 оноос эхлэн тус байгууллагын Ерөнхий санхүүчээр 3 дахь удаагаа сонгогдон, ажил үүргийн дагуу хороодын ажилд оролцон ажилладаг юм. Дэлхийн 170 орон ОУОСХ-нд гишүүнчлэлтэй бөгөөд тус байгууллага нь Дэлхийн оюутны Универсиад наадам буюу бага олимпийн наадмыг явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий томоохон байгууллага юм.

Тус байгууллагын Ерөнхий Ассамблейн хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард Швейцарын Лозаннь хотноо болж шинэ удирдлагууд сонгогдоод удаагүй байсан бөгөөд ийнхүү Гүйцэтгэх хорооны хурлаараа салбар хороодын бүрэлдэхүүнийг сонгон батлаж 2016-2019 оны үйл ажиллагаанд нь оруулахаар болжээ гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ