Улсын хэмжээнд 958 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-13 12:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт 958.560 тээврийн хэрэгсэл байгаагаас 536.171 нь нийслэл Улаанбаатар хотод, 422.389 нь орон нутагт бүртгэлтэй байгаа талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн, хурандаа С.Энхтөр мэдээлж байна.

Тэрээр хэлэхдээ, “Нийслэлд бүртгэлтэй 536.171 тээврийн хэрэгслийн 350.000 нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэсэн хийсвэр тоо яваад байдаг. Үнэндээ Улаанбаатар хотод өдөр яг хэдэн автомашин хөдөлгөөнд оролцож байгаа талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа учир тогтоогоогүй байна” гэв.

Тэгвэл нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд дээр нэмээд орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд багагүй жин дараад байгаа нь анхаарал татаж байна. Энэ талаар саяхан хийсэн судалгаагаар орон нутгийн улсын дугаартай автомашины жолооч нарын 15.4 хувь нь 7 хоног тутам Улаанбаатар хотод орж ирдэг, 16.5 хувь нь сар тутам хотод орж ирдэг, 12.8 хувь нь улирал тутам, 8.7 хувь нь жилдээ 1-2 удаа орж ирдэг бол 36.2 хувь нь Улаанбаатарт түр оршин суудаг жолооч иргэд байна.


Орон нутгийн жолооч нарын 15 гаруй хувь нь долоо хоног бүр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна


Харин орон нутгийн улсын дугаартай автомашинууд Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрэм хэрхэн зөрчдөг, түүнчлэн зам тээврийн осолд нөлөөлөлх нөлөөллийн талаар судалгааг товчлон танилцуулахад, 2018 он гарсаар орон нутагт бүртгэлтэй 1187 автомашин Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байх явцад осол гаргасан байна.

Үүнээс 6.3 хувь нь бусдын амь насыг хохироосон, 874 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хотын замын хөдөлгөөнд оролцсон бол 81.206 жолооч замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зөрчлүүдийг гаргаж хариуцлага хүлээсэн байна. 


Төв аймгийн жолооч нар нийт 12.188 удаа зөрчил гаргаж хариуцлага хүлээсэн бол Дархан-Уул аймгийн 11.474, Өвөрхангайн 4.999, Хэнтий аймгийн 3089 жолооч хариуцлага хүлээсэн байна.


Орон нутгийн улсын дугаартай автомашины жолооч нарын зөрчлийг аймаг бүрээр судлахад хамгийн их зөрчил гаргаж байгаа нь дээр нэр дурдсан аймгийн жолооч нар байна. Харин эдгээр жолооч нар эгнээ байр буруу эзлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, согтуугаар автомашин жолоодох зөрчлийг  ихээр гаргадаг гэсэн судалгаа гараад байна. Нийслэл Улаанбаатарт орон нутгаас  хэдэн автомашин орж ирж хөдөлгөөнд оролцож байгаа болон энэ нь замын хөдөлгөөний ачаалалд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааг үргэлжлэн авч байгаа тул дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

Б.Болд

 

Холбоотой мэдээ