Сонгодог олон өнгө хоршсон “Snow melody” нэгдсэн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-13 15:17:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтсан мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт үзэгчдийн баяр хөөрийг бялхаасан энэ жилийн оргил арга хэмжээ болох нь дамжиггүй. Энэ тоглолтонд морин хуурчид, жазз хөгжимчид, симфони найрал хөгжмийнхөн нийлж тоглох учир  сонгодог хөгжмийн дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч үзэгч олноо дайлна гэж Улсын филармоны дарга, МУУГЗ Н.Даваасүрэн хэлсэн.  Шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно дуу, хөгжим сонгосон. Монголын  "Вальсын хаан" гэгддэг хөгжмийн зохиолч Д.Түмэнжаргалын “Дурлалын вальс”-аас алдарт С.Гончигсумлаагийн “Азийн цагаан дагина” гэгч  Улаанбаатарын цэнхэр аялгуу эгшиглэнэ. Дэлхийн сонгодгоос  “Тройка” буюу “Гурвалсан морьд”, хацар жиндүүлэн илбэх зөөлөн цасан шамаргын дүрслэлтэй “Метель” зэрэг бүтээл туурвилаараа алдаршсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын цасан өвлийн өнгийг сэтгэлд дулаанаар мэдрүүлдэг  хөгжмийн зохиолуудыг эгшиглүүлэх юм байна.  Ийм сонгомол хөтөлбөртэй нэгдсэн концерт ганцхан удаа болно гэдгийг ч зохион байгуулагчид онцоллоо.

Холбоотой мэдээ