БХЯ бүсгүйчүүлдээ хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-09 11:16:48

 "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"- ийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр яамныхаа бүсгүйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Сайд,  " Өнөөдөр яамны маань багагүй ажлыг нугалж яваа бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлж байна. Манай салбарт бүсгүйчүүдийн үүрэг оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эрчүүдтэй эн зэрэгцэн ур чадвар шаардсан олон ажлыг манай эрэмгий зоригтой бүсгүйчүүд гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн цэргийн баг хүртэл удирдан ажиллаж байна. Энэ бол Зэвсэгт хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх байр суурийг илтгэх юм. Ер нь цаашдаа манай эмэгтэйчүүд өөрсдийн эрхийнхээ төлөө дуу хоолойгоо холбогдох албан тушаалтнуудад хүргэж байх хэрэгтэй. Миний хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр салбарынхаа ямар ч бүсгүйг хүлээн авч уулзахад бэлэн байх болно. Ялангуяа, ажлын байрны гадуурхалт, ялгаваралт, ахиж дэвших боломжийг нь хязгаарласан ямар ч асуудал манай салбарт байж болохгүй. Ингээд Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, салбарынхаа бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе" гэсэн юм. Ц.Цолмон сайдын хамт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон газар хэлтсийн дарга нар байлцаж бүсгүйчүүлдээ хүндэтгэл үзүүллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ