НӨАТ-ын тайлангийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-08 10:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн тайланг тогтоосон  хугацаанд гаргаж татварын албанд ирүүлдэг хуулийн дагуу НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж татварын тооцоо хийхэд 3 хоног үлдээд байна.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор татварын албанд тушааж, татварын тооцоо хийх хуулийн хугацаатай юм.

Та тайлангаа өөрийн биеэр болон  цахим хэлбэрээр, мөн шуудангаар ирүүлж болно гэдгийг татварын байгууллагаас мэдэгдэж байна. Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг.Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг. Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.



Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол тайлан тушаах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд уг тайлан нь  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно. Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхааруулж байна.


Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй  ба засварлах тухай хүсэлтээ  бичгээр илэрхийлэх  ёстой. Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцдогоо мэдэгдэж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ