Алдарт Боруссия Дортмундын төлөөлөгчид Монголд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-08 12:20:13

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Германы хөлбөмбөгийн алдарт Боруссия Дортмунд клуб болон МИАТ компанийн гурван талын уулзалт өчигдөр Улаанбаарт боллоо.

ХБНГУ-ын Бундеслигийн алдарт Боруссия Дортмунд клубтэй хийсэн гурван талт уулзалт нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцаж байгаа гэдгээрээ онцлог байв. Энэ уулзалтанд Бундеслигийн Ази болон Номхон далайн бүсийг хариуцсан захирал Петер Лейбел, Боруссия Дортмунд клубын Ази номхон далайн бүс хариуцсан захирал Суреш Летчманан болон Боруссия Дортмунд клубын Олон улсын харилцаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Бенедикт Сколз нар хүрэлцэн иржээ.

Мөн МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир, дэд захирал Н.Ганболд нар тус уулзалтанд оролцож цаашид хамтран ажиллах санал солилцов.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, холбооныхоо үйл ажиллагааг танилцуулж, гадаад харилцааг хэрхэн хөгжүүлж, цаашид хөгжлийн чиг хандлагаа хэрхэн яаж харж байгааг сонирхуулав. Мөн дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч Германы Хөлбөмбөгийн холбооны дэлхийд алдартай Боруссия Дортмунд клубтэй хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр, “МХБХ-ны тэмцээн бүрийн шууд дамжуулалтыг гүйцэтгэдэг “NTV” телевиз нь Монголдоо албан ёсоор Бундеслигийн тоглолтуудыг шууд дамжуулж байгааг та бүхэн мэднэ. Боруссия Дортмунд клубын ямар алдартай баг гэдгийг хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ. МХБХ нь нас насны шигшээ баг болоод гадаад харилцаандаа онцгой анхааран ажиллаж байгаа. Өнгөрсөн онд ХБНГУ-ны Хөлбөмбөгийн Холбоотой харилцаж улмаар МХБХ-ны хүсэлтээр тус холбооноос санал болгосон Европын хөлбөмбөгийн холбооны лицензтэй дасгалжуулагч Ханс Майкл Вейсс хүрэлцэн ирсэн. Цаашдаа ч Боруссия Дортмунд клүбтэй хамтран ажиллаж, өөрийн орны тамирчдаа гадны хүчтэй лигт тоглуулах нөхцлийг бий болгохын төлөө хичээх болно” гэж онцоллоо.

Д.Өлзий

Холбоотой мэдээ