Алслагдсан багийн эмнэлгийг өргөтгөж, халдварт, уламжлалтын тасагтай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-05 15:05:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын Баянтээг багийнхан улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгаа өргөтгөжээ.

1964 онд баригдсан, таван ортой эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч байсан тус багийн 1300 гаруй иргэн одоо 10 хүн хэвтэх ортой, цэвэр, бохир усны нэгдсэн системд холбогдсон тохь тухтай эмнэлэгт эрүүл мэндийн тусламж авч, мөн төрөхийн өмнөх, халдварт, уламжлалтын тасгуудаар үйлчлүүлэх боломжтой болжээ.

Барилгын ажлыг "Баянтээг" ХК чанартай гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэж өгсөн байна. Тус эмнэлэг Баянтээг багаас гадна ойр зэргэлдээ Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Баянхонгор аймгийн Өлзийт зэрэг сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдэж байгаа юм.



Түүнчлэн Баянтээг багийнхан энэ онд шинэ Спорт заалтай болж, сургуулийн биеийн тамирын заалыг шинэчлэн урлаг заал болгон ашиглалтад оруулаад байна.

Холбоотой мэдээ