Өвөрхангай аймаг 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-05 11:38:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа.

“Сүүлийн жилүүдэд төв суурин газрын төвлөрөл нэмэгдсэнээр тоосжилт, орчны бохирдолт ихэсч, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чухал шаардлагатай байгаа” хэмээн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэлсэн юм. Шинэ оны эхэнд зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хороог байгуулж, төлөвлөгөөгөө баталснаар "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн ажил эхэлнэ.

Аймгийн хэмжээнд төв суурин газрын ногоон байгууламж 2016 оны суурь түвшингээс 40.2 га талбайгаар нэмэгдэж, нийт талбайн хэмжээ 118 га болсон байна. 2018 онд Бат-Өлзий суманд шинэсний тарьцаар гүйцэтгэх ойжуулалтын ажлыг 40 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 40 га талбайд, Баруунбаян-Улаан сумын төвд “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 3 га ойн зурвас байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгэжээ. Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга сумын 17 ойн нөхөрлөл, 7 аж ахуйн нэгжээс 21 га талбайд өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг хийсэн нь 70 хувийн амьдралттай тоологдсон байна.

Гэвч Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх нь тал хээрийн бүсэд оршдог учраас ногоон байгууламж бүхий талбайн хэмжээ харьцангүй бага байдаг төдийгүй төв суурин газруудад агаарын бохирдол, тоосжилт нэмэгдэж байгаа нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үндэслэл болж байгаа юм.

Холбоотой мэдээ