"what3words" сүлжээнд холбогдсноор гадаадын зочид нүүдэлчин өрхийг төвөггүй олно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-04 16:31:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гурван үгт хаягжилт буюу “what3words” сүлжээнд холбогдсноор Нүүдэлчин өрх дэлхийн өнцөг булан бүрээс зочин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас орлого олох боломж бүрдэнэ.  

Монгол Улсын аялал жуулчлал салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор БОАЖЯ, “Airbnb” компанийн “what3words” үйлчилгээтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг ажлыг хийж буй.

Airbnb платформ-д Монгол Улсын цаатан айлаас Алтай таван богдын нүүдэлчин айл хүртэлх бүртгэл байх аж. Гэвч тэдний жуулчин хүлээж авахад тулгардаг хамгийн том асуудал нь  хэрхэн хаяг байршлаа илэрхийлэх байдаг. Тиймээс Airbnb компани болон БОАЖЯ хамтран хаана байгаагаас үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авах боломжийг нүүдэлчдэд бүрдүүлэхээр гурван үгт хаягжилт буюу “what3words” сүлжээнд малчин айлыг хаягжуулж бүртгэж байна. Ингэснээр гурван үгээр хаягжуулсан малчны хотын тухай мэдээлэл, байршил зэргийг жуулчид дэлхийн аль ч өнцгөөс "what3word" аппликейшний тусламжтайгаар харах боломж бүрдэх юм.



Энэ талаар what3words-ийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга хэлэхдээ, “Орчин үеийн технологи ашиглан Монгол хүн бүрийг аялал жуулчлалын салбараас орлогожих боломжоор хангах боломжтой уг төслийг дэлхийн томоохон компанитай хамтран эхлүүллээ. Өөрийн үйлчилгээ үзүүлж буй газрын байршлыг what3words-н 3 үгт хаягжилтын технологийг ашиглан хялбархан илэрхийлэх боломжтой болсон нь Монгол улсын аялал жуучлалын салбарыг хөгжилд томоохон дэвшил болно” хэмээв.



БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, “Технологийн шинэчлэл бол үндэсний хөгжлийн гол түлхүүр. Тиймээс Airbnb-гийн дэлхийн нийтийн платформ, what3words-ийн 3 үгт хаягийн шийдлийн тусламжтайгаар жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо” гэв.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд одоогоор Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг 3 үгт хаягаар бүрэн хаягжуулжээ.

Холбоотой мэдээ