Замын-Үүдийн эмнэлэг зориулалтын тоноглол бүхий авто машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-04 10:24:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон авто машинтай боллоо.

Авто машиныг Замын-Үүд сумын  иргэн н.Пунцагдорж түүний үр хүүхдүүд, хүү Л.Гантулга, Л.Гантогтох нарын санаачилга тусламжаар Швейцарийн "Явж тусалъя" ТББ-д хүсэлт гаргасны  дагуу 90 сая төгрөгийн үнэтэй эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон Mercedes Benz маркийн авто машиныг  эмнэлгийн удирдлагад  гардууллаа.

Албан бус оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн амтай Замын-Үүд суманд  нэгдүгээрт сүрьеэ, хоёрдугаарт бэлгийн замын өвчлөл, гуравдугаарт элэгний В,С вирүсийн өвчлөл нийтлэг байгаа юм.

Хилийн боомт учир хүн амын суурьшил, хөдөлгөөн ихэсч байгаа нь халдварт өвчин дэлгэрэх  шалтгаан болж буй төдийгүй Дорноговь аймагт бүртгэлтэй сүрьеэтэй иргэдийн 50 хувь нь Замын-Үүдэд байдаг аж. Мөн ханиад томуу, осол гэмтлийн дуудлага ч их байдаг аж.

Тиймээс хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэхэд эмнэлгийн зориулалтаар тоноглосон энэхүү авто машин чухал үүрэгтэй гэж эмнэлгийн захиргаанаас мэдэгдэв.

Холбоотой мэдээ