Ж.Батзанданг АН-аас хөөж, Д.Мурат, Л.Болд нарыг нэр дэвших эрхийг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-03 14:15:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасч, Д.Мурат, Л.Болд нарын гишүүдийн нэр дэвших эрхийг 4 хүртэлх жилээр  хасах шийдвэр гаргасан хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “АН-ын бүлэг өнөөдөр хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцсэнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Удахгүй АН-ын Үндэсний бодлогы хороо болон их хурал хуралдана. Их хурлаараа намын үнэт зүйл болон тодорхой асуудлуудыг шийднэ. Улс төрийн үйл явцыг хараад байхад үзэл бодлын ялгарал, уралдаан боллоо. Нийгмийг үзэх үзэл бодол, хүмүүсийн хандлага, Ардчилсан Монгол Улсын  чөлөөт зах зээлд харшлах зүйлүүд явж буйд АН эмзэглэж байна. Тиймээс АН их хурлаа хуралдуулж намынхаа үзэл баримтлалыг батлах цаг ирлээ. Үүссэн улс төрийн нөхцөл байдал, ЖДҮХС-тай холбогдсон Засгийн газрыг судалж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой" хэмээв.



АН-ын дарга С.Эрдэнэ: "Улс төрийн энэ хэдэн хоногийн хэт халалт нийгэм, эдийн засагт нөлөөлж буйг хаана хаана нь  мартагнууллаа. 14 хоногийн хугацаанд валютын ханш 2670 төгрөгт хүрлээ. Бензин 2300 төгрөгт хүрч бараа бүтээгдэхүүний үнэ 500 төгрөгөөр өслөө. Махны үнэ өсөлттэй байна. Мөн ард иргэдийн тархийг угаасан суртал, ухуулга маш хүчтэй явж байна. 1990 онд ардчилсан хувьсгалыг бид эхлүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёс, зах зээлийн нийгмийг байгуулна гэж байлаа. Гэтэл 30 жилийн босгон дээр эргээд ардчиллын үнэт зүйл рүү халдах ноёлол бий болж байна. Тиймээс энэ бүх үйл явцыг зөв тийш нь эргүүлэхийн төлөө бид ажиллана. АН-ын үндсэн дүрмийг гишүүн бүр ягштал биелүүлэх ёстой. Энэ дүрмийг биелүүлнэ хэмээн үзсэний дүнд гишүүнээр элсдэг. Гэтэл дүрмээ зөрчиж биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарын  гишүүдэд хариуцлага тооцох шийдвэр гарлаа. АН-ын гишүүн Ж.Батзанданг Үндэсний дүрмийн гуравдугаар бүлгийг 3.9.1.15-18-т   зааснаар  намын гишүүнээс 4 жилийн хугацаанд хасах, Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас нэр дэвшихийг 4 жил хязгаарлах шийдвэр гарсан” хэмээв.

 Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдах эсэхийг сэтгүүлчид тодруулахад, “УИХ-д нэр дэвшээд сонгогдсон бол тухайн гишүүний бүрэн эрх нь хадгалагдаж үлдэнэ. Гэхдээ хувь хүний үзэл бодол нь АН-ын үзэл баримтлалтай зөрчилдөөд байгаа юм. АН-ын үнэт зүйл чөлөөт зах зээлийг дэмждэг. АН-ын их хурал дээр үнэт зүйлээ бид түлхүү ярина. 1937 он биш шүү. Засгийн газрын тэргүүн нь 37 оных шиг уриалгыг ярьж байгаа. Бид ийм тэмцлийг хүсээгүй. 60 тэрбумын асуудал үнэн бол У.Хүрэлсүх үүнийгээ нотлох ёстой. Хэрвээ нотлогдвол МАН-ын бүх албан тушаалтнуудаа эгүүлэн татах ёстой. ЖДҮХС-гаас зээл авсан этгээдүүддээ хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийн эсрэг ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан  гэмт хэрэг үйлдсэнийг У. Хүрэлсүх  мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Тэгшитгэн хуваарилах замаар ЖДҮХС-гаас  мөнгө хуваарилсан гэж үзэж байна. Монгол орны хөгжлийн хулгайчидтай АН тэмцэнэ. 60 тэрбумаар хаацайлахгүй шүү хэмээн мэдэгдье.  МАН-ын дотоод зодоон АН-д хамаагүй” гэлээ. 

Холбоотой мэдээ