Ахмадууд ордонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-12-04 13:40:47


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аар Ахмадын хорооны орон байрны асуудлыг шийдвэрлэснээр 150 сая төгрөгөөр “Янзага худалдааны төвийн байрыг худалдан авч аймгийн Ахмадын ордон болгон тохижуулж өгчээ. Ахмадууд шинэ байрныхаа нээлтийг зулын 25-ны билэгт сайн өдөр хийсэн юм.

Ахмадын ордны нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Амараа оролцож, цаашид Увс аймаг ахмадуудаа хэрхэн дэмжиж ажиллах талаар мэдээлэл хийснээс гадна өөрийнхөө нэг сарын цалингаа Ахмадын ордны  тохижилтод зориулан хандивлалаа. Үүнээс гадна зарим төрийн болон төрийн  бус байгууллагууд, хурлын төлөөлөгчдийн зүгээс тохижилтын ажилд тодорхой дэмжлэг үзүүллээ.

Ахмадын ордон нь чийрэгжүүлэлтийн өрөө, гал тогоо, хурлын өрөө, ажилчдын өрөө, ахмадуудын амрах өрөө гэсэн зохион байгуулалттай бөгөөд тус байрыг илүү тав тухтай тохилог, ахмадуудад  хэрэгцээт зүйлсээр тохижуулах ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд байна. 

“Өнгөрсөн он жилүүдэд Увс аймгийн Ахмадын хороо элэгдэж хуучирсан, насжилт дууссан хүндхэн байранд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. 2017 оноос эхлэн ахмадуудыг ордонтой болгох асуудал аймгийн ИТХ-аар  удаа дараа яригдсаны эцэст энэхүү ажил биеллээ оллоо. Ахмадууд маань хүслэн болсон шинэ ордондоо нүүж орсондоо байртай байна” хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Ё.Басан хэллээ.

Холбоотой мэдээ