Ч.Жаргалбаатар: Улстөрчдийн ар гэрийнхнийг баривчилж цагдан хориогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-29 18:54:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд, улстөрчдийн ар гэрийнхнийг баривчилж, цагдан хорьсон зүйл байхгүйг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээллээ.


Тэрбээр, “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 5-ны өдөр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  Өнгөрсөн сарын 28-ны өдөр НПГ-аас хэрэг бүртгэл хэрэг нээгээд харъяаллын дагуу тус байгууллагад шалгуулахаар ирүүлсэн. Энэ дагуу АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. Өөрөөр улстөрчдйин нөлөөгөөр хэн нэгнийг цагдан хорьсон, шалгасан зүйл байхгүй” гэлээ.

Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнд М.Энхболдыг хамгаалахаар хууль хяналтын байгууллага УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан АТГ-аас дээрх мэдээллийг өгөв.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням, “ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар зээл авсан эсэх асуудлыг хуулийн хүрээнд шалгаж байгаа. Бид хуулийн хүрээнд үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байна. Улс төрчид хууль хяналтын байгууллагыг улс төрийнхөө үйл ажиллагаанд оролцуулан гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна” гэлээ.



Холбоотой мэдээ