Баянгол суманд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-28 22:45:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Баянгол суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийг улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.

Хуучин эмнэлгийн барилга нь 1979 онд баригдсан ба 2004 онд их засвар хийгдсэн ч 2010 оноос барилгын хойд хэсэг мөөгөнцөртөж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байсан юм.

Аймаг, сумдын удирдлагууд, нутгийн ард иргэд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөөцөлдлөгөөний үр дүнд Эрүүл мэндийн төв барих санхүүжилтийг 2018 оны төсөвт суулгуулжээ. Тус эмнэлгийн өрөө бүрт интернэт үйлчилгээ нэвтэрсэн ба эмч, сувилагчдаа дуудах товчлуур суурилуулжээ.

Баянгол сум нь 4000 орчим хүн амтай бөгөөд жилд 300 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүртэх боломжтой болсондоо баярласан иргэд эмнэлэгтээ мөнгө болон малаар хандив өргөж байгаа аж.
Холбоотой мэдээ