Үндэсний бөхийн тайлбарлагчдын улсын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-29 11:19:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн начин Ёндонгийн Баярсайхан агсны нэрэмжит Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын VI тэмцээн Чингис хотноо боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсын 20 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 40 бөх тайлбарлагч хүрэлцэн ирж, хоёр өдрийн турш оюун ухаан, авъяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөх тайлбарлагч С.Батбилэг, дэд байранд Увс аймгийн харъяат бөх тайлбарлагч Д.Пүрэвжав, гуравдугаар байранд ӨМӨЗО-ны бөх тайлбарлагч Т.Цэцэнтунгалаг, нар шалгарчээ. Удаах байруудад Дорноговь аймгийн харъяат бөх тайлбарлагч У.Ууганбаяр, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат бөх тайлбарлагч Б.Наранцогт, Орхон аймгийн харъяат бөх тайлбарлагч Б.Нармандах, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат бөх тайлбарлагч Т.ГалбадрахЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат бөх тайлбарлагч С.Даваажав, Дундговь аймгийн харъяат бөх тайлбарлагч Л.Идэрмөнх нар шалгарлаа.


Тэмцээний шүүгчээр Монгол Улсын  Соёлын гавъяат зүтгэлтэн, Улсын Тонж манлай засуул Д.Цогзол, TВ9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан, БТСГ-ын мэргэжилтэн, аймгийн арслан П.Ганболд, Л.Баяраа, Г.Солонго нар ажиллав.   


Монгол Улсын Үндэсний бөхийн тайлбарлагчдын холбоо 2008 онд байгуулагдаж, тэргүүнээр нь одоог хүртэл Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар ажиллаж байна. Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын анхдугаар тэмцээн 2008, 2012 онуудад Хэнтий аймагт зохион байгуулагдаж байжээ.


Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын VII тэмцээнийг ирэх онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд МУСГЗ, нэрт бөхийн тайлбарлагч Агвааны Ганбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар боллоо.  


Холбоотой мэдээ