Дээд Рада дайны байдал зарлах тухай зарлигийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Украины зарим бүс нутагт 30 хоногийн хугацаатай дайны байдал зарлах тухай Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигийг тус улсын Дээд Рада дэмжин баталжээ.
Украины Винница, Луганск, Николаевск, Одесс, Сумск, Харьков, Чернигов хот мөн Донецк, Запорож, Херсон мужууд болон Азов-Керчийн усан нутаг дэвсгэрт дайны байдал тогтоосон байна.
Дээд Радад хэлэлцүүлэхийн өмнө Украины төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ Украины эсрэг хуурай замын ажиллагаа явуулах аюул нүүрлээд байгаа тухай мэдэгджээ.
“Надад манай тагнуулуудын эмхтгэсэн мэдээ байна. Энд Украины нутаг дэвсгэрт шууд халдан орохын тулд ямар ч үед бэлэн манай хилээс хэдэн арван км-ийн цаана байгаа дайсны бүх хүчний талаар дэлгэрэнгүй тайлбарласан хэд хэдэн хуудас бүхий баримт байна” гэж Порошенко мэдэгдсэн байна.
Ийм мэдэгдэл хийхийнхээ өмнө Порошенко Хар тэнгист болсон үйл явдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн шийдвэр болох улс оронд 60 хоногийн хугацаатай дайны байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Үүний дараа тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахын тулд 60 биш 30 хоногийн хугацаатай орон даяар дайны байдал зарлах асуудлыг Дээд Радагаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Ням гарагийн өглөө Украины Тэнгисийн цэргийн хүчний "Бердянск", "Никополь" болон "Яны Капу" гэсэн гурван хөлөг онгоц Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцын 19, 21 дүгээр зүйл заалтыг зөрчин Хар тэнгисээс Керчийн хоолойн зүг хөдөлж ОХУ-ын хилийг давжээ. Хөлөг онгоцууд Оросын хилчдийн хууль ёсны шаардлагад хариу өгөөгүй бөгөөд аюултай маневр хийсэн учир хилчид зэвсэг хэрэглэж, саатуулжээ. Украины гурван цэрэг хөнгөн шархдаж, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Энэ үйл явдал Оросын эрэг хавиас ойролцоогоор 20 км-ийн зайд болсон аж. Оросын эрх баригчид улсын хилийг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Азовын тэнгисийн байдлыг даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхийг санал болгосон боловч дэмжээгүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дээрх явдлыг “маш аюултай өдөөн хатгалга бөгөөд нухацтай хянан шалгах хэрэгтэй ” гэж мэдэгдэв.
"Киев олон улсын хуулийг зөрчлөө. Москва тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө аливаа халдлагыг таслан зогсоох болно" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цохон тэмдэглэсэн байна.