Энэ 7 хоногт 126 согтуу жолоочид хариуцлага тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 17:03:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-нд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд 1304 дуудлага мэдээлэл ирж, зам тээврийн ослын шинжтэй 988-ыг хүлээн авч шийдвэрлэв.

Тэдгээрийн 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх, 6 хувь нь онхолдох, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрийн осол байв. Мөн тус албанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Дээрх бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 хүн бэртсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Давааны ар" гэх газар асфалтан замд "М.Fuso" маркын тээврийн хэрэгсэл зогсож байх үед "Т.Landcriuser-200" автомашин мөргөж, улмаар эсрэг урсгалаас ирж байсан "Т.Ipsum"-тэй мөргөлдсөнөөр нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн ажлын хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өссөн үзүүлэлттэй бол гэмтсэн хүний тоо 11 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 19 хувиар тус тус бууржээ.

Холбоотой мэдээ