Хэт удаан суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-11-21 17:29:08

ВАШИНГТОН. /CNN/. Дөрвөн америк тутмын нэг нь өдөрт наймаас их цагийг сууж өнгөрүүлдэг гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүдийн шинэ судалгаанд мэдээлэв.


Америкийн анагаах ухааны холбооны сэтгүүлд нийтэлсэн уг судалгаа нь 18-аас дээш насны зургаан мянга орчим хүний эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна.


Судалгаанд оролцсон хүмүүсээс ажил болон гэртээ өдөрт хэдэн цаг суудаг талаар хийгээд долоо хоногт хэр удаан дасгал хөдөлгөөн хийдгийг асуусан ажээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь өдөрт наймаас олон цагийг сууж өнгөрүүлдэг гэж хариулсан бол тэдгээрийн 44 хувь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн хариултыг өгчээ.


Өдөрт наймаас дээш цагийг сууж өнгөрүүлдэг гэх хариултыг өгсөн хүмүүсийн 11 орчим хувь нь чөлөөт цагаараа бага зэрэг дасгал хөдөлгөөн хийдэг гэжээ. Харин тэдгээрийн дөнгөж 3 хувь нь л өдөрт дөрвөөс бага цагийг сууж өнгөрүүлдэг бөгөөд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг гэж хариулсан байна.


Сүүлийн үед удаан хугацаагаар суухыг шинэ тамхидалт гэж нэрлэх болсон бөгөөд эрүүл мэндэд олон төрлийн эрсдлийг бий болгодог талаар мэдээлэх болсон билээ. Эрүүл мэндийн сүүлийн үеийн судалгаануудад тэмдэглэснээр, удаан хугацаагаар суух тусам зүрхний өвчинд өртөх магадлал нэмэгдэж, бага цагаар суудаг хүмүүстэй харьцуулахад хавдар үүсэх магадлал өндөр болдог ажээ. Түүнчлэн эрт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.


Сөрөг үр дагаврууд үүгээр дуусахгүй бөгөөд жин нэмэх, цусны эргэлт удаашрах зэргийг нэмж дурдах нь зүйтэй юм. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс спортоор идэвхтэй хичээллэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг уг судалгааны эцэст онцлон тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ