Интерполын Ерөнхий ассамблейн чуулганд ЦЕГ-ын дарга С.Баатаржав оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 21:09:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж ЦЕГ-ын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо энэ сарын 18-21-нд болж буй тус чуулганд Интерполын гишүүн 170 гаруй улсын дотоод хэргийн болон хууль зүйн сайд, цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлага зэрэг 1000 гаруй төлөөлөл оролцож байна.



Энэ удаагийн чуулганыг орчин үеийн дэвшилтэд технологи, нэн ялангуяа хиймэл оюун ухаан, хүний зан авир мэдрэгч, цахим шүүх шинжилгээг ашиглан үндэстэн дамнасан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Мөн 2016 онд зохион байгуулсан Ерөнхий ассамблейн 85 дугаар чуулганаар Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын Дэд сайд Мэнг Хонгвей албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүний эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах шинэ Ерөнхийлөгчийг тус чуулганаар сонгоно. Тус сонгуульт албан тушаалд одоогоор Интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хошууч генерал Александр Прокопчук, мөн хороонд Ази тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ким Жонг Янг нар нэр дэвшиж байна.

Холбоотой мэдээ