Гал түймрийн дуудлага нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Он гарсаар тус аймагт гал түймрийн 104 удаагийн дуудлага бүртгэгдсэний зонхилох хувь нь иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан объектын гал түймэр байна. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал өндөр үзүүлэлт аж. Үүнээс гадна цаг үеийн нөхцөл байдлын хувьд хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эхэлсэнтэй холбоотой угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Пийшингийн
буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн
санамсар болгоомжгүй байдлаас үүдэн обьектын гал ихээр гарах, иргэд угаартах,
амь насаа алдах, эд хогшил, гэр орон байраа шатаах, гэр оронгүй болох зэрэг эрсдлийг
дагуулдаг тул үүнд хүн бүр сэрэмжтэй байх шаардлагатай байна.
“Галын аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо
хамгаалахын тулд пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам
сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс нурмаа ил
задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт цоожилж
үлдээхгүй байх хэрэгтэй байна. Гол, нуурын ус бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэд
та бүхэн баталгаат зам гүүрээр зорчиж, гол нуурын мөсөн дээгүүр явганаар болон
автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна
өнгөрсөн жилүүдэд гэр орондоо угаарын хийнд хордож амь насаа алдсан тохиолдол
цөөнгүй гарсантай холбоотой галлагааны аюулгүй байдалд сэрэмжтэй хандахыг
зөвлөж байна” хэмээн аймгийн ОБГ-ын ажилтан Л.Долгормаа хэлэв.