Б.Лхагважаргал: ЖДҮ-ийн зээл орон нутагт очсон бол 300-500 хүн ажилтай болох байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-12 14:08:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл зорилтот бүлэгтээ очихгүй, шударга бус байгаа учир сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу төсөл шалгаруулалтаас эхлээд зээлийн буцаан төлөлт хүртэл ил тод нээлттэй, шилэн болгох хэрэгтэй гэдгийг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн Архангай, Өвөрхангай аймаг болон нийслэл Улаанбаатар хотын ЖДҮ эрхлэгчид шаардаж байв.

Архангай аймгийн ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, “Наймган тал Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагважаргал хэлэхдээ, “Манай аймагт жилдээ ЖДҮ-ийн 45 төслийн хүсэлт гардаг. 10 хүрэхгүй нь дэмжигддэг. Нэг аймагт 850 саяас тэрбум төгрөгийн хөрөнгө ногддог боловч тэр бүр ирдэггүй. Гэтэл дээгүүрээ л дарга сайд, төрийн түшээд маань биднээс хулгайж хумслаад хуваагаад авчихдаг юм байна. Хэрэв дээрх хэмжээний төсөл орон нутагт хэрэгжсэн бол 300-500 ажлын байр бий болох байлаа. Энэ бол алдаж буй том боломж. Энэ хэрээр төрийнхэн ЖДҮ эрхлэгчдийг хохироож, хумсалж, биднийг гомдоож байна” гэв.


Тэрээр цагаан идээ боловсруулдаг бөгөөд ЖДҮ-гийн санд 2 удаа төсөл хүсэлтээ явуулсан ч шаардлага хангаагүй гэдгээр буцаж ирсэн. Юу нь болохгүй байна, яагаад тэнцсэнгүй гэхээр тодорхой хариу өгдөггүй гэж байв. ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг өмнө нь аймаг, орон нутагт хуваарилж шийддэг байсныг өнгөрсөн оноос яаман (ХХААХҮЯ) дээр хуваарилдаг болсон. Ингэхдээ,

  • Аймгийн Засаг даргын зөвшөөрөл
  • Аймгийн Хүнс, ХАА-н газрын тодорхойлт
  • Шүүхийн шийдвэрийн бичиг
  • Цагдаагийн албан бичиг
  • Барьцаа хөрөнгийн баталгаа
  • Барьцаа хөрөнгийн даатгал гээд 12 төрлийн зөвшөөрөл бичиг шаарддаг.



Шүүхийн шийдвэрийн бичиг авах гэж хүлээж байх хооронд төсөл авах хугацаа нь дуусаад дахин зарлагдах хугацааг харах болдог. Гэтэл тэр нь 4-хөн хоног байдаг тул амждаггүй" гэсэн зээл авах гэсэн бэрхшээл зовлонгоо тэд хэлж байв. Өмнө нь ЖДҮ-гийн ззээлийн хуваарилалтыг аймагт шийддэг байхад аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид бизнес хийе гэсэн хүмүүсээсээ танил талаараа булаагаад авчихдаг, нөгөө талаар 20 хувийн “хувь” өгч байж авдаг байсныг хэлж байлаа.



Хэвлэлийн хурал хийсэн “Монголчууд Монголдоо үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг, “ЖДҮ эрхлэгч бид зээлийн энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна. Бид УИХ-ыг тараах тухай бус, эсрэгээр УИХ “сайн “ажиллаж, ЖДҮ-гээс зээл авсан төрийн түшээд маань зээлээ хурдан төлмөөр байна" гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Энэ бүхний цаана юм хийе гэсэн олон арван залуусын хүсэл мөрөөдөл, зүтгэлийг үгүй хийсэн сэтгэл санаанаас аваад  цаг хугацаа алдсан гээд бид их хохирол амсаж байна” гэв. Багануур дүүргийн ЖДҮ эрхлэгч Л.Энхтүвшин, “Би талх, нарийн боов хийдэг, ХАС банкны шугмаар ЖДҮ-ийн зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгөгүй гэдгээр чадаагүй. Гэтэл Нийслэлийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ЖДҮ-гийг хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нямбаяр гэгч хүн таны барьцаа хөрөнгө хүрэх тул зээл авч болно” гээд 1.5-2 хувийн зээлд хамруулна гэж 10 хувийн хөрөнгө байршуулж олон хүнийг хохироогоод өөрөө алга болчихсон. Түүнээс болж миний бизнес аргагүйн эрхэнд зогссон” гэсэн ЖДҮ-гийн сангаар дамжуулан дээр, дооргүй мөнгө хүүлж буйг нэгэн жишээгээр хэлж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ