“Сэлэнгэ лиг-2018” спортын наадамд Мандалын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-05 15:30:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит Сэлэнгэ лиг-2018” спортын наадам энэ сарын сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Буянт ухаа” спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү наадмыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат анх санаачилсан бөгөөд эдүгээ тасралтгүй найм дахь жилдээ ивээн тэтгэж, амжилттай зохион байгуулсан байна. Эл тэмцээн нь залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ Сэлэнгэ сайхан нутгаараа бахархах, оюутан залуус өөр хоорондоо танилцах, нэгдэн нягтрах хамтдаа сурч хөгжих сайхан боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө өндөр ач холбогдолтой ажээ.  

Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодоос нийт 120 гаруй багийн 1500 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдсөн байна. Уламжлал болсон энэхүү тэмцээн сагсан бөмбөг, волейбол, шатар гэсэн төрлүүдээр явагдсан аж. Ингээд тэмцээний сагсан бөмбөгийн залуучуудын төрөлд Г.Түвшинсайхан ахлагчтай Мандал сумын эрэгтэй баг, П.Болор ахлагчтай Мандал сумын эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртсэн бол оюутны төрөлд Б.Баяртулга ахлагчтай Мандалын эрэгтэй, Б.Аиунцэцэг ахлагчтай Мандалын эмэгтэй баг мөн тус тус аваргалжээ.

Тэмцээний волейболын залуучуудын ангиллын эрэгтэйчүүдэд Мандал сумын Ж.Мөнхбаяр ахлагчтай баг, эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын Г.Энхнаран ахлагчтай баг түрүүлжээ. Харин волейболын оюутан ангилалд эрэгтэйчүүдээс Э.Энх-Амгалан ахлагчтай Орхон сумын баг, эмэгтэйчүүдээс Э.Номин-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар сумын баг шалгарсан байна.

Шатрын төрөл эмэгтэйчүүдээс Алтанбулаг сумын Г.Учрал тэргүүлж, Сүхбаатарын Б.Эрдэнэхөлөг, А.Оюунцэцэг нар удаалжээ. Нэрэмжит тэмцээний сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор Мандал сумын залуучуудын багийн Б.Золбаяр, Орхонтуулын О.Саранзая, оюутны ангилалд Баянгол сумын Э.Тэгшбаяр, Алтанбулагийн Х.Хоролсүрэн нар шалгарлаа. Мөн волейболын шилдэг тэгш тоглогчоор залуучуудын ангилалд Мандал сумын Ш.Отгонтулга, Сүхбаатарын Г.Энхнаран, оюутны ангилалд Орхон сумын Э.Энх-Амгалан, Сүхбаатарын Э.Бадамцэцэг нар тус тус шалгарсан байна. Тэмцээний багийн нийлбэр дүнгээр Н.Лхагвадорж ахлагчтай Мандал сумын баг тэргүүн байрт шалгарч, Г.Гантулга ахлагчтай Сүхбаатар сум, О.Буянаа ахлагчтай Сайхан сумын багууд удаалжээ.


Холбоотой мэдээ