Монголын зэвсэгт хүчний албан хаагчдыг урьж туршлага солилцохыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-02 17:10:28

Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Тито Пенилья тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Элчин сайд, ноён Тито Пенилья БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр Тито Пенилья "Монгол-Колумби улсын хооронд цэргийн хамтын ажиллагааг энхийг дэмжих ажиллагааны туршлага солилцох арга хэмжээгээр эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний 2-3 цэргийн алба хаагчийг өөрсдийн зардлаар нутагтаа урьж, энхийг дэмжих ажиллагааны талаар туршлага солилцох саналтай байгаагаа хэлсэн байна. Мөн энэ үеэр Колумби Улсад Өмнөд Америк тивдээ нэр хүндтэй “Lancero” цэргийн мэргэшүүлэх шүхрийн сургалтанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс  дөрвөн цэргийн алба хаагчийг оролцуулах урилга гардуулав. Тухайн цэргийн алба хаагчдын зардлыг Колумби Улсаас хариуцах юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ