Га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-23 16:33:47

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн хувьд энэ онд газар тариалангийн салбартаа ахиц дэвшил гаргаж, тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлэн нийт 14 мянган га-д тариалалт хийсэн байна. Одоогоор Улаангом сум болон газар тариалангийн бүс нутгуудад ургац хураалтын ажил дуусах шатандаа явж буй. Тодруулбал,  6386.5 тн үр тариа, 2294.8 тн төмс, 1126 тн хүнсний ногоо хураан авсан урьдчилсан мэдээ байна.

Төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил 98 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр дуусах аж. Газар тариалангийн бүс нутгуудад 10 дугаар сар гарсаар цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй болж, нойтон цас орсны улмаас ажил удааширсан ч сүүлийн хэдэн хоног дулаарсантай холбоотой ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэнэ.

Увс аймаг 2017 онд найман мянган гаруй га талбайд тариалалт хийж байсан бол 2018 онд 14 мянга болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр газар тариалангийн салбарын түвшинд сүүлийн хэдэн жил байгаагүй ургац арвинтай жил болно гэж тооцоолж байсан.

Ялангуяа үр тарианы ургацыг нэмэгдүүлэх зорилгоор улаан буудайн үрийн шинэчлэл хийсэн. Өнгөрсөн жил нэг га-гаас 11.7 центр ургац хураан авч байсан бол энэ жил 12.8 центр болж нэмэгдсэн. Ургац хураалтын ажил удахгүй дуусах байх” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир ярилаа.

                                                                                                                                    Б.Батхүү 

Холбоотой мэдээ