Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 2019 оны шинэ загварыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-18 20:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр болдог "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх  зорилгоор Засгийн газрын ХЭГ, ХХААХҮЯ-ны санаачилгаар “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээг Мишээл Экспо төвд нээлээ. 

 ХАА-н болон экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо ХХКхамтран зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхан болон бусад бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа болохоос гадна хэлэлцүүлэг, семинар, танилцуулга болно. Үзэсгэлэнд:

·         Ноос ноолууран хувцас

·         Нэхий дээл, үслэг эдлэл

·         Савхин хувцас, арьсан гутал, цүнх

Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Дархан нэхий,” “Дархан минж”, “Алтай кашмир”, “Говь”, “Буян”, “Эвсэг”, “Гоёо”, “Блю Скай кашмер” зэрэг 100 гаруй  ААН байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 2019 оны шинэ загварын үзүүлбэр танилцуулахаас гадна бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалах юм. 

 

Холбоотой мэдээ