Ян Цыков: Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтыг онол практик хослуулан явуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-10 18:22:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албанд ажилд оролцогчдыг шат шатны шалгуураар 3 төрөл болгон ангилж, мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, практик олгох зэргээр хангадаг туршлагын талаар өнөөдөр болсон “Төрийн байгууллагын хүний нөөц-Бизнсийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Германы Шпайрын Төрийн захиргаа, судлалын институтын захирал, профессор Ян Цыков танилцуулсан юм.

Доктор, профессор Ян Цыков төрийн албыг мэргэшүүлэхэд шаардлагатай тулгуур баганыг:

  • Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалт,
  • Мэргэжлийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн хөгжил, албан тушаал дэвшүүлэх ажиллагаа,
  • Мэргэшсэн төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хэмээн тодорхойлов.


Тэрээр Германы төрийн албаны туршлагаас хуваалцахдаа, ХБНГУ нь Төрийн албыг амжилттай бэхжүүлсэн туршлагаараа Европын холбоонд тэргүүлдэг орны нэг бөгөөд төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтыг онол практик хосолсон хэлбэрээр явуулдагыг тэрээр онцолж байв. Германы төрийн албан хаагчдыг мэргэшлийн түвшингээр нь дунд, ахисан дунд, дээд шат хэмээн ангилан хуваадаг бөгөөд ангилал тус бүрд мэргэшүүлэх сургалтыг онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгуулдаг ажээ.

Төрийн албаны хүний нөөцийн аль ч ангилалд онол практик хосолсон сургалтыг хэрэгжүүлснээр онолын мэдлэгээ ашиглах, иргэдэд үйлчлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлдэг байна.

Мөн олон чиглэлийн ажлыг гүйцэтгэх чадвартай, үр нөлөөтэй, бүтээмж өндөртэй төрийн албан хаагчтай болоход  онол практик хосолсон сургалт онцгой үүрэгтэй гэдгийг  доктор Ян Цыков тодотголоо.

Хуралд нийслэл Улаанбаатар хотын дүүргүүд, Сэлэнгэ, Увс, Баянхонгор, Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл болсон ажилтнууд, төрийн байгууллагуудаас Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Гадаадын иргэн харьяатын газар, СЗХ зэрэг байгууллагынхан оролцож, тэдэнд нийтийн үйлчилгээний салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлж амжилтанд хүрэх арга, үйлчилгээний салбарын шинэчлэл хийхэд юунд анхаарч, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг талаар танилцах боломжийг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны (GIZ) нийгэмлэг, тус улсын Төрийн удирдлагын Их сургууль, АНУ-ын Анкореж дахь Аляскийн Их сургууль зэрэг гадаад, дотоодын олон байгууллага бүрдүүлж өгөв.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 7 дахь удаагийнх бөгөөд 2012 онд манай улсад “Нийгэм, эдийн засгийн хөгжил-Төрийн захиргааны шинэчлэл” сэдвээр эхэлж, 2013 онд “Эдийн засгийн хямрал-Төрийн үүрэг”, 2014 онд “Том төрөөс Ухаалаг төр рүү”, 2015 онд “Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй ба Төрийн захиргааны хүний нөөцийн хөгжил”, 2016 онд “Нийтийн удирдлагын байгууллагын орчин үеийн чиг хандлага”, өнгөрсөн онд “Нийтийн удирдлага дахь тогтвортой хөгжил” гэсэн сэдвүүдээр өрнөсөн цуврал арга хэмжээ юм.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ