Өмнөговь суманд зам, гүүр баригдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын төвд есдүгээр сараас эхэлж зам, гүүр барих ажил өрнөжээ. Сумын төв гудамж дагуу 1,2 км хатуу хучилттай авто зам нь гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламж хийх зурвастай, хоёр талаараа явган хүний замтай, зарим албан газрын үүдэнд машины зогсоолтой, үер, борооны ус зайлуулах сувагтай байх юм.
Мөн сумын төв замын уулзвараас Холбоо багийн Харгаат хүртэл таван км газарт сайжруулсан шороон замыг барина. Харин Намирын голын гүүрийн хувьд 48 м урттай барихаар зураг төсвийг боловсруулжээ.
Зам, гүүрийн ажлыг Улаанбаатар хотын “Тэргүүн зам” компани гүйцэтгэж буй бөгөөд өөрийн 70 гаруй ажилтнаас гадна орон нутгаас 10 гаруй туслах ажилчин авч ажиллуулж байгаа аж. Зам, гүүрийн ажлыг ирэх хавар дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгнө.
Б.Батхүү