Мянган хун цаасаар бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-05 12:31:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг номын баярыг энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд МУГБ Ш.Чулуунборын “Хунгийн чуулга” бүтээлийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид цаасаар хун шувуу хийж “Мянган хунгийн чуулга” арга хэмжээг зохиож, сургууль дээрээ мянган хун чуулуулжээ.


“Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд багш нар ангидаа байгаль экологийн хичээл зааж, шувуу бүтээх аргыг сурагчиддаа заасан. Манай сургуулийн IV-XII ангийн 1137 сурагч оролцож, сурагч тус бүр нэг хун шувуу хийсэн. Мөн сурагчид шувууныхаа далавчин дээр бүгд өөрсдөө уриалга бичиж, сургуулийн нийтийн талбай, цонхны давцангууд дээр байрлуулаад байна.

Үүнийг багш сурагчид төдийгүй сургуульд ирсэн хүн бүр үзэж сонирхох боломжтой бөгөөд сурагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр бичсэн уриалгыг мөрдлөг болгох ёстой. Нийт 1137 ширхэг цаасаар  шувуу хийх нь тийм ч амар зүйл биш. Арга хэмжээний дараа эдгээр цаасыг яах вэ гэдэг асуудал бас чухал. Бид хог хаягдал үүсгэхгүйн тулд сурагчдынхаа бүтээлийг анги бүрт бүтээл болгон ашиглаж, хадгалах ямар боломж байна вэ гэдэг талаар хэлэлцэж байна.

Хунгийн чуулга бол манай нутгийн нэг брэнд. Сурагчдын арга хэмжээгээр дамжуулан энэхүү аялал жуулчлалын том арга хэмжээг нийтэд сурталчилсан нь бидний үйл ажиллагааны үр дүн байлаа” гэж сургуулийн захирал Ц.Оюунжаргал хэлэв.


Сурагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл төлөвшихөд эерэг нөлөө үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар гаргасан санал санаачлага, уриалгыг нийтэд түгээн дэлгэрүүлж, цаашид ажил хэрэг болгон үр дүнг тооцох нь тус арга хэмжээний гол зорилго юм.

Байгууллагууд жил бүр номын баярыг өөр өөрсдийн хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил аймгийн хэмжээнд нэг бүтээл, нэг сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсон нь онцлог аж. Тус санаачилгыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийтийн номын сан хамтран гаргажээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ